Монгол хүлэг, орос танк ялалтын төлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dusem11@yahoo.com
2020-05-01 19:46:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн баяр 2020 оны тавдугаар сарын 9-ний өдөр тохионо.


Хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон сая хүнийг хөнөөсөн энэ дайнд түүхэн ялалт байгуулахад дайны гол баатар Зөвлөлтийн Улаан армид, тухайн үеийн БНМАУ өнөөгийн Монгол Улсаас илгээсэн тусламж хандивын талаарх түүхийн хуудсыг сөхөж байна.


Монголчууд энэ хүнд бэрх цагт Оросын ард түмний, Улаан армийн үнэнч анд нь байсан юм. 1935-1945 онд БНМАУ-аас улс орныхоо батлан хамгаалалтад ихээхэн анхаарч 80 мянган сайн дурын морьт цэргийг элсүүлж, энэ төрлийн мэргэжилтнийг олноор бэлдэж, Оросоос 100 сая гаруй рублийн зэвсэг худалдан авсан аж.


Цэрэг стратегийн холбогдолтой Баянтүмэн-Тамсагбулагийн нарийн төмөр зам /380 км/, Улаанбаатар- Алтанбулаг чиглэлд засмал зам тавьж, цэргийн утсан холбоог бий болгож, цэргийн хувцас, морины хэрэгсэл бэлтгэх үйлдвэр байгуулжээ. Монголчууд эд материал, сэтгэл санааны асар их тус дэмийг ЗХУ-д үзүүлж 1936 онд байгуулсан “Харилцан туслалцах протокол” дахь үүргээ чанд сахин биелүүлсэн юм.


БНМАУ-ын ард түмнээс ЗХУ-д илгээсэн тусламж



Эх орны дайны жилүүдэд монголчууд ОХУ-ын Улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “Хувьсгалт монгол” танк, Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэсэн. Мөн 485 мянган морь худалдаж 32.5 мянгыг бэлэглэж нийт бэлэг нь 53.5 сая төгрөг, 300 орчим кг цэвэр алт, худалдсан барааны өртөг нь 400 сая төгрөгт хүрчээ.



Монголын ард түмний бэлгийг баруун, баруун хойд фронт, Украины 1 дүгээр фронт, Калинин болон Волоховын фронтод бүгд 6 удаа хүргэн өгч байжээ. Монголд сууж байгаад фронтод дайчлагдсан оросуудын ар гэрт сар бүр 20-100 төгрөгийн тэтгэмж олгож байв.


Монголчууд дайны жилүүдэд ЗХУ-д 500 мянга шахам тонн мах нийлүүлсэн байна. Улаан армийн дайчдын хүнсэнд дайны жилүүдэд АНУ-аас 665 мянган тонн махан консерв нийлүүлсэн байдаг. Тухайн үед БНМАУ-ын хүн ам 800 мянга орчим байсан бөгөөд монголчууд өөрсдөө хүнсний хомсдолтой байсан ч дэлхийн хамгийн баян, хамгийн том орны нэгээс яльгүй бага хэмжээтэй мах нийлүүлсэн нь гайхалтай. Монголчууд тусгай анчид гарган зээр, гахай агнаж Зөвлөлтийн цэргийн хүнсэнд нийлүүлж байв.



Мөн дайны жилүүдэд Монголын тал нутгаас нэг стратегийн чухал бараа нийлүүлсэн нь ноос байв. Монгол ноосоор хийсэн шинель орос цэргүүдийг энэ дайны жилүүдэд Дорнод Европын 4 улиралд амьд үлдэх боломж олгосон. Тухайн үед ЗХУ-д АНУ-аас 54 мянган тонн, Монголоос 64 мянган тонн ноос тус тус нийлүүлжээ. 1942-1945 онуудад Зөвлөлтийн Улаан армийн нийт цэргийн таван шинель бүрийн нэг нь “Монголд үйлдвэрлэв” байжээ.



Монгол орноос арьс шир, ангийн болон хонины үстэй хагас дээл, үстэй малгай, бээлий болон эсгий гутлын нийлүүлэлт дайны анхны жилийн намраас л эхэлсэн байдаг. 1941 оны 11 дүгээр сарын 7-нд Москвагийн дэргэдэх сөрөг тулалдаанд бэлтгэж байсан Зөвлөлтийн явган цэргийн хэд хэдэн дивизийн цэргүүд монголчуудын хийсэн өвлийн хувцсаар бүрэн хувцасласан байжээ.


Дайны жилүүдэд ЗХУ-д олдож байсан гянт болдын цорын ганц үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөц нь Монголд байсан юм. Гянт болд хамгийн хайлц муутай металл бөгөөд түүгээр л Германы “пантер” /ирвэс/ болон “тигр” /барс/ танкуудын хуягийг нэвт цохих чадвартай сум үйлдвэрлэх боломж байсан юм. Ийнхүү тухайн үед БНМАУ-ын улсын төсвийн хагас нь Батлан хамгаалах салбартаа зарцуулж байсан түүх бий.


“Хувьсгалт Монгол” танкын цуваа


1942 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр ЗХУ-ын Внешторг банканд 2.5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт /алтан эдлэл/ гуйвуулсан нь 3 815 725 рубльтэй тэнцэх мөнгө байв. Энэ цуглуулсан мөнгөөр Т-34 маркын 32 танк, Т-70 маркын 21 танк үйлдвэрлэсэн байна. Танкын энэхүү цувааг “Хувьсгалт Монгол” хэмээн нэрлэж, эхний хэсгийг ЗХУ-ын Улаан армид гардуулахаар маршал Х.Чойбалсан өөрийн биеэр хүрэлцэн очиж байлаа.



Монголын ард түмний хандиваар үйлдвэрлэсэн танк бүр “Улсын Их хурал”, “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс”, “МАХН-ын төв хорооноос”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Монгол чекист”, “Монголын ард түмэн”, “БНМАУ-д байгаа Зөвлөлтийн иргэдээс”, “Улсын Бага хурлаас” гэсэн тус тусын нэртэй байсан гэдэг.


“Монгол ард” онгоцны эскадрил



БНМАУ-аас 1943 оноос Улаан армийн нисэх хүчинд “Монгол ард” нисэх онгоцны эскадрил бүтээхэд зориулж хөрөнгө цуглуулж тус оны долдугаар сар гэхэд нийт хоёр сая төгрөг цугларав. Наймдугаар сард И В.Сталин БНМАУ-д эскадрилын туслалцаа үзүүлсэнд өөрийн биеэр талархсанаа илэрхийлж,


“БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х. Чойбалсан танаа.


ЗХУ-ын төр засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлагаар тэмцэж байгаа Улаан армид зориулж “Монгол ард” байлдааны онгоцууд бүтээхэд хоёр сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн танд болон танай төр засагт, БНМАУ-ын ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. “Монгол ард” байлдааны онгоцны эскадрил барих гэсэн БНМАУ-ын хөдөлмөрч ард түмний хүсэл биелэх болно” гэжээ.


Дайны баатар “Монгол адуу”


“Эх орны дайны эхнээс ЗХУ-ын өөрийн эх үүсвэрүүдээс гадна цорын ганц адуу нийлүүлэгч нь өнөөгийн Монгол Улс байв. БНМАУ нь милитарист Японы эсрэг түшиц газар болохын хажуугаар эх орны дайны үеэр Зөвлөлтийн Улаан армид чухал дэмжлэг болсон билээ. Монголоос адуу авах ажил бүр 1941 оноос эхэлсэн. 1942 оны гуравдугаар сараас Монголын удирдагчид ЗХУ-д төлөвлөгөөтэй адуу нийлүүлж эхлэв. Дайны дөрвөн жилд нийт 500 мянга гаруй агт морь Монголоос нийлүүлжээ. 



1941-1945 онд ЗХУ-д ийм хэмжээний агт морьд авах мөнгө байсангүй. Монголоос өөр ийм тооны адуу нийлүүлж чадах газар тэр үед зөвхөн Хойд ба Өмнөд Америк байлаа. Үнэ өртгийн тухай яриад ч хэрэггүй. Амьд ачааг далай гатлуулан ЗХУ руу тээвэрлэх нь хамгийн хэцүү ажил байлаа. Харин Монголоос тусгай нөхцөлөөр адуу авч байсан нь хожим улс төр, эдийн засаг, цэрэг техникийн хөрөнгө оруулалт болж ЗХУ-аас төлөгдсөн гэж үздэг. Өөр ямар ч сонголтгүй бидэнд монголчууд дайны “техникийн” тусламж үзүүлсэн юм. Үүнээс гадна тэсвэртэй, хагас зэрлэг монгол адуу Зүүн фронт дахь хүнд хэцүү байгалийн нөхцөлд Европ адуунаас ч илүү зохицож байлаа. 1941-1945 оны хооронд Смоленскоос Сталинградаар дайрч Будапешт, дараа нь Манжуур хүрсэн морьт механикжуулсан бүлгийг удирдаж байсан генерал Исса Александрович Плиев “Тэсвэртэй монгол морьд Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүрч байв” хэмээн дурссан байдаг.


Мөн “1943-1945 онд Дэлхийн II дайны фронт дахь таван адуу тутмын нэг нь монгол морь байв. Бид Америкийн “Лэнд-лиз” тусламж хэрхэн дайны үед хэрэг болж ялалтад хүргэснийг ярих дуртай. Гэвч үүнээс дутуугүй Монголын тусламжийн талаар мартах учиргүй” хэмээн Алексей Волынец /Русская Планета/ онцлон дурджээ.


Ташрамд сонирхуулахад, “Лэнд лиз” /Lend-Lease/ тусламж зээлийн хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар 1941 оны 3 дугаар сарын 11-нд баталж Их Британи, ЗХУ, БНХАУ зэрэг дэлхийн II дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлсэн юм. Нийт 50,1 тэрбум ам.долларын /өнөөдрийн ханшаар 656 тэрбум ам.доллар/ тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17 хувь болсон юм. Үүнээс 31,4 тэрбум ам.доллар Их Британид, 11,3 тэрбум ам.доллар ЗХУ-д, 3,2 тэрбум ам.доллар Францад, 1,6 тэрбум ам.доллар БНХАУ-д оногджээ. Үүний 10 хувийг АНУ эргүүлж авсан аж. Их Британи улс 2006 онд “Лэнд лиз”-ээ төлж дууссан байна.


Дэлхийн II дайнд тулалдсан нөхөр Сухов буюу Должинсүрэнгийн Сүхээ


Улаан армийн бие бүрэлдэхүүнд тулалдсан цөөхөн монголчуудын нэг нь БНМАУ-иргэн  Должинсүрэнгийн Сүхээ байсан юм. Тэрбээр ЗХУ-д дайн эхлэхээс өмнө Костромскын машин үйлдвэрлэлийн техникумд онц дүнтэй суралцаж, төгсөөд Москвад мэргэжил дээшлүүлжээ.


Улмаар БНМАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байгаад хэлмэгдэн цөлөгдөж, Архангельскт хөлөг онгоцон дээр ажиллаж байхдаа Балтийн тэнгисийн фронт руу усан цэргээр дайчлагджээ. Д.Сүхээ гэх монгол овог нэрийг дуудахад төвөгтэй байснаас товчилж бичиг баримт дээр нь Сухов хэмээн бичсэн гэдэг.


Нөхөр Сухов Ленинградын фронтод тулалдаж, олон удаа фронтын шугам давж, дайсны талд нэвтрэн “амьд хэл” барьж, тагнуулд явж байжээ. 1943 оны 11 дүгээр сарын 27-нд нөхөр Суховын анги дайсны танкын цувааг устгах үүрэг авчээ. Усан цэрэг Сухов уг тулаанд хүнд шархадсан байна. Тэрбээр тэмдэглэлийн дэвтэртээ “Намайг шархдаад байхад аварсан Зөвлөлтийн хүмүүст их баярлаж байна” хэмээн бичсэн байдаг аж.


Харин тэр эдгэрээд фронтод явуулж өгөхийг хүссэн ч хүнд шархадсан “нөхөр Сухов”-ыг цэргийн албанаас халжээ. 1944 оны нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн тэрбээр Мезень голд ууран усан онгоцны засварчнаар ажиллаж байгаад Монгол эх орондоо буцсан бөгөөд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ.

Холбоотой мэдээ