Б.Энхбат: Сүүлийн 3 жилд 18 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-15 21:08:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхбаттай цөөн хором ярилцлаа.


-Хаврын адаг сар дундаа орж, зунтай золгох гэж байгаа энэ үед ямар төрлийн гэмт хэрэг нийтлэг гардаг вэ?

-Жил бүрийн 4-6 дугаар сард хуурайшилт ихтэй учраас иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Үүний 70-80% нь хувь хүний хариуцлагагүй байдлаас болж үүддэг. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Хэнтий аймагт ой хээрийн түймрийн гэмт хэргийн шинжтэй хоёр удаагийн дуудлага бүртгэгдэн, шалгагдаж байна. Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн 18 удаагийн гэмт хэрэг бүртгэгдэж, улсад 34 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Иргэд үнс нурам, тамхины ишээ ил задгай хаях, машин техникийн хуучирсан янданг сольж янзлаагүй гэх зэрэг хайхрал болгоомжгүй байдлаас үүдэн гал түймэр их гарч байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй, анхааралтай байх хэрэгтэй. Мөн яргуй идсэн бор гөрөөсний цус ууна гэх нэрийдлээр хууль бус ан хийх, газар гэсэж байгаатай холбогдуулан уул уурхай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар ашигт малтмал олборлох, хайх, газрын хэвлийг хөндөх зэрэг гэмт хэргийн гаралт энэ улиралд ихэсдэг.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-2020 он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг 3.5 дахин, зөрчил гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Засгийн газрын 03 тоот тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дэргэд Экологийн цагдаагийн алба байгуулсан. Хэнтий аймагт Экологийн цагдаагийн байцаагч тав, мөрдөгч нэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр  ажиллаж байна. ЦЕГ, орон нутаг дахь Цагдаагийн газарт энэ алба байгуулагдсанаар байгаль орчны эсрэг нууц, далд аргаар үйлдэгддэг байсан гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайжирсан. Урьдчилан сэргийлэх чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онон Балжийн сав газар, Хэрлэн голын сав газар, Хан Хэнтийн цогцолборт дархан цаазат газар, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагатай хамтран эргүүл шалгалт, сумдад болон аймгийн төвд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж байна. Мөн байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэвтрүүлэг, шторк бэлтгэсэн.

-“Байгалиа хамгаалъя” аян Хэнтий аймагт хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

-Улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя 2020” нэгдсэн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 15-наас өрнүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас ан амьтан, амьтны тухай хууль, ашигт малтмалын тухай хууль гэх зэрэг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, хянан шийдвэрлэх, иргэдэд таньж мэдүүлэх, бага насны хүүхэд, сурагчдын дунд байгаль хамгаалах чиглэлээр гар зургийн уралдаан явуулах, мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг, шторк цацах гэх мэт маш олон төлөвлөгөөт ажлыг зохион байгуулаад дунд шатандаа явж байна.

-Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлэээр цаашид ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

- Экологийн цагдаагийн албанаас хийж, хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажил их бий. Түүнийг удирдамж төлөвлөгөө ирсний дагуу, мөн аймаг, орон нутгийн цагдаагийн газар хэлтэс өөрсдийн санаачилгаар энэ төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулна.

 

 

 

 

                                                                     

Холбоотой мэдээ