Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өсжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-15 13:54:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр дөрөвдүгээр сарын байдлаар тус аймгийн арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 154.7 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар буурсан үзүүлэлт аж.

Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл буюу хугацаа хэтэрсэн зээл 4.8 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 71.6 хувиар өсжээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2.2 тэрбум төгрөгт хүрч, 24 хувиар нэмэгджээ.

Зээлийн өрийн үлдэгдэл дэх чанаргүй зээлийн эзлэх хувь 1.5, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 3.2 хувьтай байна.

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өссөн шалтгааныг, "Банкуудын хугацаа хэтэрсэн зээл байнга хэлбэлзэлтэй байдаг. Энэ нь Актив ангилах эрсдэлийн сан байгуулах журам өөрчлөгдөж, зээлийн ангиллыг чанарын болон хугацааны хувьд ангилдаг болсонтой холбоотой. Бизнесийн томоохон зээлүүд нэг сардаа санхүүжилт саатаж хугацаа хэтэрч байдаг бол нөгөө сард хэвийн төлөлттэй болох жишээтэй.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаарх хугацаа хэтэрсэн зээл нь Сovid-19 цар тахлын хорио цээр нөлөөлснөөс үйл ажиллагаанд доголдол үүссэн хэдэн том компанийн зээлүүд байна. Чанаргүй зээлийн хувьд хугацааны цуваагаар аажмаар нэмэгдэж цаашид өсөх хандлагатай байгаа боловч хэлбэлзэл нь бага. Мөн аймгийн чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 1.46 хувь гарсан нь хэвийн гэж үзэж байгаа" хэмээн Монголбанкны салбараас мэдээллээ.   

Холбоотой мэдээ