Цэцэрлэгүүд “Багш хөгжлийн төв”-тэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-16 22:50:55

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн цэцэрлэгүүд “Багш хөгжлийн төв”-тэй болж байна. Тус аймаг 2016 онд ИТХ-аараа “Эрдэм” хөтөлбөрийг хэлэлцэн баталснаар амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд төрийн өмчит ЕБС-дад ОНХС-гийн санхүүжилтээр “Багш хөгжлийн төв”-ийг байгуулж дууссан бол энэ онд цэцэрлэгийн багш нарын хөгжлийн төв байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Одоогоор Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэг болон “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн “Багш хөгжлийн төв”-ийг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг хүлээлгэж өгөөд байна. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Багш нар өрсөлдөх чадвартай, мэдлэг боловсролтой иргэнийг бэлтгэхийн тулд тэр хэрийн чадвартай, заах арга зүйтэй байх ёстой” гэв.

Ийнхүү цэцэрлэгүүд “Багш хөгжлийн төв”-тэй болсноор багш нар ажлын байрандаа мэргэжил, арга зүйгээ дээшлүүлж, арга туршлагаасаа солилцох боломж бүрдэж байгаа юм.    

Холбоотой мэдээ