ДОРНОД: Холбогдох мэргэжлийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-18 12:13:34

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб сумдтай цахимаар хуралдаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг үүрэг болголоо.


Яг одоогийн байдлаар Дорнод аймгийн нийт нутгаар салхи секундэд 10-15 м, зарим газраар 18-20 метр хүрч байна. 


Өнөө шөнөөс Дорнод аймгийн нийт нутгаар салхины хурд секундэд 24-28 метр хүрч, зарим үед 34 метр давж ширүүсэн цасан болон шороон шуурга шуурганы гамшигт үзэгдэл болохыг УЦУОШТ-өөс анхааруулав. Энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, осол аваар гарах эрсдэл нэмэгдэхийг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна. Мөн агаарын температур огцом буурч, өмнөх өдрүүдээс 10-20 градусаар хүйтрэх төлөв ажиглагдаж байна. 


Аймгийн Шуурхай штабаас сумдын Онцгой комисст хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг иргэд олон нийтэд шуурхай хүргэж ажиллах, хол ойрын замд гарахгүй байх, салхи шуурганы үед техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг үүргийг сумдын Онцгой комисст өглөө.


 




Холбоотой мэдээ