779 төрийн албан хаагч сонгуулийн ажил зохион байгуулахад оролцоно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-18 14:02:27

Ховд /МОНЦАМЭ/. 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилго бүхий Ховд аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Тус хорооноос хэрэгжүүлж байгаа цаг үеийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөө, зарим анхаарах асуудлын талаар аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.

Аймгийн хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдрийн дотор бүх сум, хэсгийн сонгуулийн хороо байгуулсан.

Улмаар аймгийн төвд 9, суманд 87,  хэсэгт 683 гээд нийт 779 төрийн албан хаагч УИХ-ын сонгууль зохион байгуулах ажилд оролцохоор болж бэлтгэл хангаж байна.

Шинэ төрлийн коронавирусний халдварын эрсдэлтэй үед сонгуулийн ажлыг хэрхэн зохион байгуулах талаар чиглэл гаргажээ. Эхний ээлжинд сумдын сонгуулийн хорооны гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан. Цаашид хэсгийн хороодод үе шаттай сургалт явуулах аж.

Мөн мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус сургалтад оролцох 114 иргэнийг бөөгнөрөл үүсгэхгүйн тулд таван ээлж болгон хуваарилах аж. Ингэхдээ шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг баримтлан ажиллана гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Сандагсүрэн онцлон мэдээллээ.

Түүнчлэн аймгийн Сонгуулийн хорооноос бүх намын төлөөлөлтэй уулзалт хийжээ. Уулзалтын хүрээнд сонгуулийн сурталчилгаа хэрхэн зохион байгуулах, ажилтнуудын тоонд анхаарах, хууль дүрмийг баримтлах тухай урьдчилсан байдлаар сануулж, зөвлөмж өгчээ.

Аймгийн сонгуулийн хороо нь МХГ, ОБГ, ЭМГ зэрэг байгууллагатай уялдаа холбоотой ажиллах юм. Цаашид нэр дэвшигчид тодрох, зургаадугаар сарын 02-ны өдрөөс сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх зэрэг шат дараатай ажил өрнөнө гэж албаны эх сурвалж танилцууллаа.  

Холбоотой мэдээ