"Монгол наадам" цогцолборыг олон улсын аялал жуулчлалын төв болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-19 12:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүй долоон худаг дахь "Монгол наадам" цогцолборыг аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр үндэсний спорт-амралтын бүс болгож, мөн улмаар 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах зорилгоор амралт, зугаалгын 19, спортын 13, аялал жуулчлалын чиглэлээр 6 барилга байгууламж барина. 

Энэ талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. Тодруулбал, цогцолборт 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 мянган хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 мянган хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөснийг Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулгат танилцууллаа. 


Дээрх бүтээн байгуулалтын хүрээнд “Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэсэгчилэн тодотголоо. Учир нь цогцолборын газрыг өргөтгөхөд орон нутгийн зарим газартай давхцсан юм. Үүнийг арилгах чиглэлээр нийслэлээс Ажлын хэсэг гарч судалгаа хийжээ. Энэ талаар Засгийн газраас улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг шинэчилж, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант сумын 11 мянган га талбайг хамруулахаар тогтсон юм. Үүнтэй холбогдуулан цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гарсан юм. 

Цогцолборт эхний ээлжинд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14 880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөв. Түүнчлэн онгоц бууж, хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр барихаар төлөвлөжээ. Цогцолборын шинэ бүтээн байгуулалтын нийт өртөг нь 792 тэрбум төгрөг юм. 


НИТХ-ын дарга Р.Дагва, Улаанбаатар хотын эдийн засгийн тэргүүлэх чиглэл аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгааг тодотгоод, энэ төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийнхнийг түлхүү хамруулж, ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллахыг онцоллоо. 

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ