Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, оношилгоо 40 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-21 10:13:02

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд энэ оны тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, оношилгоо 40 гаруй хувьтай явж байна

2020 оны гуравдугаар сард   “Техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл явуулах тухай” аймгийн Засаг даргын А/153 дугаар захирамж гарч, ажлын хэсэг томилогдон тавдугаар сарын 1-нээс эхлэн сумдад тээврийн хэрэгслийн бүртгэл үзлэг оношлогоог зохион байгуулан ажиллаж эхэллээ.

Энэ жилийн хувьд СOVID-19 халдвараас урьдчилан сэргийлж олноор цуглуулахгүй, бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн Улсын Онцгой комиссын шийдвэр, захирамжийн дагуу манай аймагт тээврийн хэрэгслийн бүртгэл, үзлэг, оношилгоо түр хугацаанд зогссон байсан. Тиймээс нийт 27 сумаас одоогийн байдлаар 14 суманд хэсэгчилсэн ажлын хэсэг томилогдон уртасгасан цагаар ажиллаж өдөрт 70-80 машиныг техникийн үзлэгт хамруулж байгаа гэж аймгийн Авто тээврийн газрын дарга Н.Аасүрэн хэллээ.

Аймгийн хэмжээнд Авто тээврийн газарт 20 гаруй мянган автомашин тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 15-16 мянган тээврийн хэрэгсэл жил бүр тогтмол үзлэг оношилгоондоо ордог.

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл үзлэг, оношилгоо 3 сарын турш үргэлжлэх  аж.

 

 

Холбоотой мэдээ