БХАТИХ-ын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тайланг танилцуулав

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-22 14:15:56

Бээжин /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3-р сард болдог Хятадын төрийн эрх барих дээд байгууллагын “хоёр хурал” энэ жил коронавирусний улмаас хойшилж энэ сарын 21-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

            Өчигдөр Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан эхэлсэн бол өнөөдөр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын хуралдаан Бээжин хотноо нээлтээ хийлээ.

            Нээлтийн дараа Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын тайлант хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулав.

            Засгийн газрын тайланг хураангуйлж, онцлох ажлуудыг толилуулж байна. Үүнд:

1.    Өнгөрсөн оны болон энэ оны ажлыг дүгнэв

-       Хятадын ДНБ 99.1 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оноос 6.1 хувиар өсжээ.

-       Хот, хөдөө орон нутагт нийт 13.5 сая ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 5.3 хувиас ихгүй байлгав.

-       Богино хугацаанд амжилттайгаар коронавирусний тархалтыг хяналтдаа оруулж чадсан.

-       Бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг олж илрүүлсэн.

 

2.    Энэ оны онцлох зорилтууд

-       Энэ оны эдийн засгийн өсөлтийн талаар бодит зорилт дурдаагүй.

-       Хот, хөдөө орон нутагт 9 саяас доошгүй шинэ ажлын байр бий болгоно.

-       Ядуурлаас бүрэн ангижирна.

 

3.    Энэ оны зарим онцлох ажлууд

-       Төсвийн идэвхтэй бодлогыг улам бүр идэвхжүүлнэ.

-       Тогтвортой мөнгөний бодлогыг улам бүр уян хатан, оновчтой болгоно.

-       14-р таван жилийн төлөвлөгөөг хянаж, засварлах

-       Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах чадамжийг нэмэгдүүлж, дахин дэгдэлт үүсэхээс сэргийлнэ. Хубэй мужийн хөгжлийг дэмжих багц бодлогыг хэрэгжүүлнэ.

-       Төсвийн алдагдлын хэмжээг өнгөрсөн оноос 1 их наяд юаниар нэмэгдүүлж, Засгийн газраас 1 их наяд юанийн халдварын тархалтаас сэргийлэх тусгай бонд гаргана. Дээрх 2 их наяд юанийг орон нутгууд руу шилжүүлэх бөгөөд голчлон ажлын байрыг хадгалах, зах зээлийг тогтвортой байлгах, татварын хөнгөлөлт зэрэг ажилд зарцуулна.

-       Аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх татвар, зардлын хөнгөлөлт энэ жил нийт 2.5 их наяд юанийг давах тооцоо гарсан.

-       Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих.

-       Шинээр цогц инновацын хувьсгалын туршилтуудыг хийнэ.

-       Цахим худалдаа, илгээмжийн салбарыг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, 5G сүлжээний хэрэглээг өргөжүүлэх.

-       Орон нутгийн засаг захиргаанаас 3.75 их наяд юанийн тусгай бонд гаргаж, 600 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төвлөрсөн төсөвт төлөвлөв.

-       Томоохон хэмжээний арилжааны банкуудын жижиг дунд үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийг 40 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлнэ.

-       Шинээр 80 сая мү өндөр стандартын тариалангийн талбайг бий болгоно.

-       Хөдөө орон нутаг болон ядууралтай бүс нутгуудын сурагчдын сургуулийн элсэлтийг нэмэгдүүлнэ.

-       Нийгмийн даатгалын доод түвшний даатгалын цар хүрээг өргөжүүлж, хот хөдөөгийн амьдралын бэрхшээлтэй айл өрхүүдийг бүрэн хамруулна.

-       Гуравдугаар удаагийн Олон улсын импортын экспог зохион байгуулна. Хятад-Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээрийн эхний үе шатыг хамтран хэрэгжүүлнэ.

-       Засаг захиргааны онцгой бүсийн / Хонгконг, Макао, Тайвань / Үндэсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бий болгоно.

Холбоотой мэдээ