Хонконгийн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд чинжүүтэй хий хэрэглэжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-27 16:34:24

БЭЭЖИН. /South China Morning Post/. БНХАУ-ын төрийн дууллыг хүндэтгэх тухай хуулийн төслийг Хонконгийн хууль тогтоох дээд зөвлөлөөр хэлэлцүүлэхийг эсэргүүцсэн жагсагчдыг тараахын тулд цагдаа нар чинжүүтэй нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.


БНХАУ-ын төрийн дууллыг үл хүндэтгэсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар заасан хуулийн төслийг Хонконгийн хууль тогтоох дээд зөвлөл лхагва гарагт буюу өнөөдөр хэлэлцэж эхлэх ёстой юм. Хуулийн төсөлд зааснаар зөрчил гаргагчдад гурван жил хорих ял, эсвэл 6400 хүртэл долларын торгууль ногдуулна.


Засгийн газрыг эсэргүүцэгч идэвхтнүүд хууль тогтоох зөвлөлийн хурлыг тасалдуулах, хотын гол замууд, метроны хөдөлгөөнд саад учруулахыг мягмар гаргаас эхлэн интернэтээр уриалжээ. Байдал хурцадмал байгаатай холбоотойгоор цагдаа нар лхагва гаргийн өглөөнөөс эхлэн тэр дундаа хууль тогтоох зөвлөлийн ордны орчимд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд цагдаагийн тусгай хүчний 3000 гаруй ажилтныг Хонконгийн янз бүрийн дүүрэг рүү илгээжээ.


Өглөө байдал харьцангуй тайван байсан хэдий ч цагдаа нар үд дунд эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан дор хаяж 15 хүнийг баривчилсан байна. Цагдаа нар хотын төвийн дүүрэгт цугласан хэдэн зуун жагсагчийг тараахын тулд чинжүүтэй нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Оффисын хэдэн зуун ажилтан үдийн цайны үеэр бизнесийн төв гудамжинд гарцгааж, Засгийн газрыг эсэргүүцсэн уриа лоозон хашхирч, БНХАУ-ын төрийн дууллыг хүндэтгэх болон Хонконгийн нутаг дэвсгэр дэх үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.


Холбоотой мэдээ