Ирэх сард 8 тусгай нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-29 12:30:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос ирэх сард гадаадаас иргэдээ татан авах хуваарийг баталсныг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Хуваарийн дагуу 2000 орчим иргэнээ татан авах юм.


Тухайлбал ирэх сарын 10-нд Казахстаны Нур-Султан хот руу тусгай нислэг үйлдэх юм. Тус улсаас 1000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан тул тусгай нислэг үйлдэх боломжийг УОК 2 сар гаруй хугацаанд төлөвлөсөн байна. Мөн Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзахдаа манай улсад амьдарч буй 100 гаруй иргэнийг эх орондоо буцаахад нь туслахыг хүссэн байна. Тиймээс дээрх иргэдийг хүргэх, тус улсад амьдарч буй иргэдээ авч ирэхээр уг нислэгийн товыг гаргажээ. Мөн ирэх сарын 11-нд Японы Токио хот руу нислэг үйлдэхээр болжээ. Тус улс руу энэ оны дөрөвдүгээр сард тусгай нислэг үйлдсэнээс хойш 1200 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй юм.


Мөн Энэтхэг улсад сурч байгаа 300 ламхайг татан авах нислэгийг зургаадугаар сарын 15-нд үйлдэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ одоогоор нислэгийн зөвшөөрлөө эцсийн байдлаар аваагүй тул товлосон хугацаа өөрчлөгдөх магадлалтай аж. Ирэх сарын 17-нд Солонгосын Сөүл хот руу нислэг үйлдэх бөгөөд ингэхдээ зөвхөн транзит нислэгээр ирж буй иргэдээ татан авах юм. Харин маргааш нь буюу зургаадугаар сарын 18-нд Солонгос руу дахин нислэг үйлдэж, тус улсад амьдарч буй иргэдээ авахаар төлөвлөжээ.


Европын орнуудаас 2300 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Тиймээс ирэх сарын 19-нд Франкфурт руу тусгай нислэг үйлдэх болжээ. Түүнчлэн ирэх сарын сүүлээр дахин 2 тусгай нислэг үйлдэх бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан аль чиглэлд үйлдэхээ тодорхой болгоно гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.


Тэрбээр, “Иргэдийг татан авах хугацааг тусгаарлах байрны хүрэлцээ, ХӨСҮТ-ийн боломж зэрэг бүх талыг харгалзан үзэж тогтоосон. Дарааллын хувьд ч өмнөх тусгай нислэгүүдийн тоо, иргэдийн өргөдлийг харгалзан үзсэн” гэлээ.


Ташрамд дурдахад, одоогоор хилийн чанадад байгаа 10 мянга 583 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ