Монгол оюутнуудын сагсан бөмбөгийн  тэмцээн амжилттай өндөрлөв  

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-05-09 10:52:44

Аугаа их ялалтын баярын 71 жилийн ойн босгон дээр буюу энэ сарын 7,8-ны өдөр Орос улсын их, дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутнуудын уламжлалт сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн Москва хотноо амжилттай  болов.

Энэ жилийн тэмцээн Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн түүхэн ойн жил болж буйгаараа онцлогтой юм. Арга  хэмжээг ОХУ  дахь Монгол улсын ЭСЯ, Москва хотын Монгол оюутны холбоо, Монголын МИАТ, Төмөр зам, Монросцветмет хамтарсан үйлдвэр болон “Мөнх тэнгэр “ТББ  хамтран зохион явуулав. “ Энэ жилийн  сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн жил зохиож буйгаараа онцлогтой юм. Иймд  бид уламжлалт тэмцээнээ илүү их цар хүрээтэй, сонирхолтой  зохион явуулахыг анхаарч ажилласан. Тухайлбал, бид Москвагийн сагсан бөмбөгийн холбооноос гурван  3 шүүгч шүүсэн бөгөөд шагналын сангаа нэмсэн” гэж  “Мөнх тэнгэр” ТББ-ын тэргүүн Амарбаясгалан манай сурвалжлагчид ярьжээ.

Тэмцээнд Москва, Санкт-Петербург,Тюмень, Екатеринбург, Новосибирск,  Эрхүү хотод суралцагсдын  эрэгтэй 12, эмэгтэй 5 багийн нийт 200 оюутан залуус  хүч чадал, авхаалж самбаагаа сорив.  Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 1 дүгээр  байрт Москвагийн “Мөнх тэнгэр” шигшээ баг,  удаах байрт Эрхүү хотын шигшээ баг, 3 дугаар байрт Москвагийн Төмөр замын дээд сургуулийн баг. Эмэгтэйчүүдийн ангилалд 1 дүгээр байрт Москвагийн “Мөнх тэнгэр “ шигшээ баг,  удаах байрт Москвагийн барилгын инженерийн дээд сургууль, 3 дугаар байрт Эрхүү хотын  шигшээ  баг шалгарч  тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль болон цом, диплом, мөнгөн шагналыг тус тус хүртэв.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Екатеринбургийн  шигшээ багийн тамирчин Ууганбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор Москвагийн  төмөр замын дээд сургуулийн багийн тоглогч Батцэцэг нар шалгарав. Мөн тэмцээний шилдэг хөгжөөн дэмжигчийг ч тодруулсан. Тэмцээнд түрүүлсэн багууд нь энэ жил Герман улсад болох Европт суралцдаг монгол оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Дашрамд сонирхуулахад, Москвагийн Амарбаясгалан тэргүүтэй “Мөнх тэнгэр” ТББ нь сүүлийн жилүүдэд дээрх тэмцээний зохион байгуулагчаар  төдийгүй Европын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцогч багуудын зардлыг ивээн тэтгэж иржээ.

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ