“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 121 мянган хүүхэд хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 121 мянга 675 хүүхэд хамрагдаад байна.
Энэхүү үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэл, аймаг тус бүрээр авч үзвэл, Улаанбаатар хотод 62 709 хүүхэд, Дундговьд 624, Өмнөговьд 778, Төв аймагт 726 хүүхэд буюу мянга хүрэхгүй хүүхэд хамрагдсан байна. Харин Дархан-Уул аймагт 6551, Дорнодод 6430, Баян-Өлгийд 5320, Баянхонгорт 5014, Орхонд 4943, Увсад 4238 хүүхэд тус тус хамрагдсан үзүүлэлтээр хамгийн олон хүүхэд эмчийн үзлэгт орсон аймгууд болж байна.
Эмчлүүлсэн нийт хүүхдийн 137 мянга шахам нь шүдний цоорол зогсоох түрхлэг /сүүн шүд/ хийлгэсэн бол 167 мянга шахам хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ. Мөн 39 мянга гаруй хүүхэд шүд авахуулсан бол 96 мянга шахам хүүхэд урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэгч түрхлэг хийлгэсэн байна. Харин нийт үзүүлсэн хүүхдээс 3703 нь эрүүл шүдтэй байжээ.
Монгол улсын Засгийн
газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12
насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн
эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн
шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий
газраас зохион байгуулсан юм.
Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 243
шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт
199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдсан.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын
эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг,
цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны
хөндийг бүрэн эрүүлжүүлэх зорилго тавиад байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын
байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгээс үзлэг, эмчилгээнд
хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх, харин эцэг, эх, асран
хамгаалагчийн талаас эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих,
зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.