Л.Дэлгэрмаа: Бидэнд хохирсон зүйл алга

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-04 13:49:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замчдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж байна гэж Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраагийн хийсэн мэдэгдлийг няцааж өнөөдөр төмөр замчдын төлөөлөл мэдээлэл өглөө. 

УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төвийн үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Дэлгэрмаа хэлэхдээ, "Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь ҮЭ-ийн байгууллагын төлөөлөлтэй үе үеийн цаг хугацаанд үргэлж холбоотой, нийгмийн түншлэлийн зарчмаар хамтран, үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультай, гишүүдийн хэвийн ажиллах нөхцөл бололцоог ханган ажиллаж ирсэн түүхэн туршлагатай хамт олон. 

Гэтэл манай ҮЭ-ийн холбооны тэргүүлэгч хэсэг бүлэг хүн ажилчид бидний эрх ашиг зөрчигдөж байна, хамгаалалтгүй болж байна гэж бодит бусаар мэдээлсэнд харамсаж байна. Гол нь биднийг төлөөлж байна гэснийг эсэргүүцэж байна" гэв. 

Тэрээр, "Өнөөдөр халдварт вируснээс болж хөл хөдөлгөөн хумигдаж, аль ч салбарын үйл ажиллагаа хүнд байгааг хүн бүр мэдэж амсаж байгаа. Манай УБТЗ гэхэд зорчигч тээвэр 50 хувиар буурсан. Харин ачаа тээвэр 100 хувь байгаа. Алдагдлаа нөгөөгөөр нь нөхөөд явж буй ч төмөр замчид бид өнөөдөр ажлаа тайван хийж байна. Ийм нөхцөлөөр бүрэн хангагдсан. 

Зорчигч тээврийн төлөвлөгөө норм хангагдахгүй буурсан ч нэг ч ажлын байр цомхотгоогүй. Төлөвлөгөө нормоо биелүүлж байж авдаг үр дүнгийн шагнал хасагдаагүй. Замын захиргаанаас авах ёстой шагнал урамшууллаа аваад, хөнгөлөлт тусламжаа эдлээд хэвийн ажиллаж байна. 


Өнөөдөр гэхэд бидний 13 дахь сарын цалингийн үлдэгдэл 50 хувийг нийт ажилтан, төмөр замчдад олгоод байна гэв. Ийм байхад дээрх байдлыг илүүтэй мэдрэх, мэдэх учиртай ҮЭ-ийн холбооны хэсэг хүн бодит байдалд нийцэхгүй мушгисан мэдээлэл хийж, 16 мянга шахам төмөр замчин бидний нэрийг барьсанд гомдолтой байна. Бидэнд хохирсон зүйл алга гэв. 

Төмөр замчин Н.Энхманлай хэлэхдээ, "Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос хийсэн мэдэгдлийн хариуд Замын удирдлага хариу тайлбар хийсэн. Үүнийг ажилтан бид 100 хувь санал нэгтэйгээр дэмжиж байна. Учир нь үр дүнгийн шагналт цалинг ажилтан бид ажлаа сайн хийж, төлөвлөгөө нормоо биелүүлсэн тохиолдолд хэлэлцүүлж, авдаг. Ийм байхад яагаад ҮЭ-ийн хороодын дарга нар тухайн сард хийсэн ажлаа ажилтнуудаар хэлэлцүүлж дүгнүүлэн үр дүнгийн шагналаа авч болохгүй байгаа юм” гэж байв.

Төмөр замчдын төлөөлөл мэдээлэл хийх үеэр энд хойд урд болон төвийн бүсийн төмөр замын ажилчид, Зорчигч тээврийн төвийн үйлчлэгч, ажилтнууд оролцлоо.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ