“Шима Сейки” Монголын мэргэжлийн боловсролыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-24 18:56:28

Сүлжмэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Японы “Шима Сейки”  компанийн  төлөөлөл Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзлаа.

Тус компанийн ерөнхий менежерийн орлогч Масанахо Такиючи тэргүүтэй төлөөлөгчид Монголд ажиллаж буй бөгөөд тэд ерөнхий захирал Шимагийнхаа даалгасны дагуу Г.Баярсайхан сайдтай уулзахаар хүсэлт гаргаснаа уулзалтын эхэнд дуулгаж байв. “Шима Сейки” компанийн ерөнхий захирал Шима Монголтой хамтарч ажиллаад удаж буй бөгөөд түүнтэй ажил хэргийн найрсаг харилцаатай УИХ-ын гишүүдийн нэг Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдсонд онцгойлон баяр хүргэхийг захьсан гэдгийг уламжилсан юм.

Дэлхийд алдартай “Шима Сейки” компани 2008 оноос Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд Монголын сүлжмэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 80 хувийг хангажээ. Улмаар өөрийн тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудалд ч анхаарч үе шаттай сургалтуудыг Монголд явуулдаг болсон байна.

Энэ удаа Масанахо Такиючи тэргүүтэй “Шима Сейки”-гийн төлөөлөгчид ямар ч оёдолгүй сүлжмэл цамц хийдэг шинэ машин зохион бүтээснээ Монголын компаниудад танилцуулах, хамтарсан сургалтын бааз байгуулах, мэргэжилтэн солилцох зэрэг асуудлыг харилцан тохирохоор ирсэн хэмээн зорилгоо танилцуулсан.

Тэднийг хүлээж авсан Г.Баярсайхан сайд “Шима Сейки” компанийн сүлжмэлийн тоног төхөөрөмжийг Хөдөлмөрийн яамны харьяа Монгол-Солонгосын политехник коллеж дээр ашиглаж буйг онцлоод цаашид ч энэ чиглэлээр манай мэргэжлийн боловсролын салбартай хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Уулзалтын явцад хоёр тал өмнө тогтоосон харилцааг улам баяжуулан үр дүнтэй үргэлжлүүлэхээр тогтсон бөгөөд Монгол-Солонгосын политехник коллежтэй “Шима Сейки” компани хамтран ажиллах санамж бичиг үзэглэхээр тогтсон юм. Ингэснээр дэлхийд алдартай “Шима Сейки” компани Монголд мэргэжилтэй ажилчин бэлтгэх үйл явцад оролцож багш сурагчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд туслах төдийгүй техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд ч зохих хэмжээгээр хувь нэмрээ оруулах боломж бүрдэх юм.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд