Нөмрөг уулын хошууны тухай ном хэвлэгдлээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 09:37:34

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Өөдөөгийн Цэрэндоржийн бичсэн “Цогтой вангийн хошуу, Нөмрөг уулын хошуу, Нөмрөг Улаагчин сумын түүхийн эх сурвалжаас” гэдэг нэртэй ном хэвлэгдэж гарчээ.

Энэхүү ном нь 385 хуудас бүхий түүхийн олон баримтыг өгүүлсэн ном болсныг дуулгахад таатай байна. Тодруулбал Үндэсний төв архив, Үндэсний төв номын сан, МАН-ын архив, Батлан хамгаалахын төв архив, Завхан аймгийн төв архивт хадгалагдаж байгаа Манж чин улсын болон Богд хаант Монгол Улсын үеийн Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу, Ардын засгийн эхэн үеийн Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу, Завхан аймгийн Нөмрөг, Улаагчин сумын түүхийн эх сурвалж, тус сумын ахмад хүмүүсийн дурсамж дурдатгал оржээ. Мөн тус хошуунаас төрсөн хутагт хувилгаад, Манж болон Автономит Монголын үе, Ардын засгийн эхэн үед алба хааж байсан ноёд түшмэдийн удам угсаа, Нөмрөг Улаагчин сумаас төрж гарсан хөдөлмөрийн баатрууд, гавьяатнууд, эрдэмтэд, төр нийгмийн зүтгэлтэн, улс төрийн хилс хэрэгт шийтгүүлээд цагаатгагдсан хүмүүс, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1947 онд баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад Нөмрөг, Улаагчин сумаас оролцсон дайчдын нэр, зарим баримтыг хавсаргасан байна. 

Нэмж хэлэхэд Нөмрөг уулын хошууны 1922, 1924, 1925, 1926, 1929 оны хүн амын тооллого, Завхан аймгийн Нөмрөг, Улаагчин сумын болон Тэлмэн сумын 5, 6, 7-р багийн 1933 оны хүн амын тооллого, мөн Нөмрөг, Улаагчин сумын 1944, 1947 оны хүн амын тооллогыг (айл өрхийн ам бүл нэг бүрээр) монгол бичгээс крилл бичигт буулгаж хавсаргасан байна. Тиймээс энэ баримт нь Нөмрөг сумын төдийгүй, Завханы Түдэвтэй, Тэлмэн, Яруу, Идэр сум, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум (Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуунаас салсан хэсэг) –ын зарим багийн иргэд, мөн бусад аймаг хотод оршин суугаа дээрх сумдын угшилтай хүмүүст гарын авлага болох юм хэмээн номыг зохиогч мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ