Нийслэлд шинэ автобус иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы нийтийн тээврийг төрөлжүүлэн шинэчлэх, түгжрэлийг бууруулах зорилтот ажлын нэг хэрэгжиж давхар болон сургуулийн зориулалттай автобус Монголд ирээд байна.
Сургуулийн болон аялал жуулчлал, бизнесийн зориулалт бүхий нийтийн үйлчилгээний автобус Улаанбаатарын авто замаар зорчиж хүүхэд, залуучууд, өндөр настан, нийслэлийнхэнд ийм тохилог зориулалтын унаагаар үйлчлүүлэх юм байна.
Ташрамд дуулгахад, Өнөөдөр 1 сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигчид давхардсан тоогоор үйлчлүүлж байгаа юм. Энэ зорчигчдод өдөртөө 900-950 автобус, троллейбус үйлчилж байгаа бөгөөд сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал байнга ирж байдаг. Тиймээс ч нийслэлээс 2020 онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийн бэлтгэл ажлууд эхлээд байгаа аж. Нийслэлээс авч буй бодлого бол нийтийн тээврийн олон хувилбарт системийг нэвтрүүлэхэд оршиж байна.
Өнөөдрийн
байдлаар хамгийн олон зорчигчтой Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас
Офицеруудын ордоны хооронд өдөрт 400-450 мянган зорчигч зорчдог. Энэ замд
соронзон галт тэрэг явуулахаар ажиллаж байгаа аж. Сургуулийн автобусыг туршилтаар 2019 оны 11 дүгээр сараас
эхлэн 29 сургуулийн 33 чиглэлд 40 автобус явуулж эхэлсэн юм байна.