Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-11 11:21:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн 90 жилийн ойн бүтээлч ажлын хүрээнд Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгууллаа.


Энэ сарын 10-нд болсон нээлтийн ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй сүүний салбарын төлөөлөл оролцов. 


“Dairy Asia” буюу Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийг НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагын санаачилгаар 2014 онд байгуулсан бөгөөд үйл ажиллагааг нь тогтмолжуулах, цар хүрээг нь өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгуулж буй нь энэ юм.


Манай улс таван хошуу малын сүүг бэлтгэх, ашиглах, хэрэглэх өвөрмөц соёл уламжлалтай бөгөөд сүү үйлдвэрлэл, хэрэглээнд онцгой ач холбогдол өгдөгөөрөө онцлогтой. Нөгөөтээгүүр Ази тивийн бүх улс оронтой найрсаг харилцаатай тул тус санаачилгыг манлайлж, хэл соёл, шашин, угсаатны ялгаа ихтэй улс орнуудтай хамтран ажиллах боломжтой гэж үзжээ.


Дэлхийн нийт хүн амын 60 орчим хувь нь оршин суудаг, сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг хангадаг Ази тивд 48 улс орон байдаг. Үүнээс Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонез, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам зэрэг 13 улс “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилгад нэгдээд байна.


Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази Номхон далайн мал аж ахуй, мал эмнэлгийн комисс зэрэг олон улсын байгууллагууд дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ