Нийслэлийн орон сууцны санг бүрдүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-12 17:07:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг"-ийг Засгийн газраар батлуулаад буйг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр дуулгалаа. 

Тэрээр уг бодлогын баримт бичиг болон авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөө, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Нийслэл хот иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг боловсруулсан. Орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ үнэт цаас гаргаж, түрээслээд өмчлөх хэлбэрээр зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авах замаар иргэдээ орон сууцжуулна. Нийслэлд 5301 айлын орон сууц бэлэн байгаа бөгөөд ААН-үүдийг дэмжиж, иргэдээ орон сууцжуулах боломж бүрэн байна. Одоогийн байдлаар орон сууцны сангаа бүрдүүлж байна. Сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, ААН-ийг нээлттэй сонгон шалгаруулна" гэв.

Засгийн газар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэл жилийн дотор түрээслээд үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгаад байна. Мөн өмнө нь зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонголт хийх болзол тавьдаг байсан. 

Харин одоо гадаад, дотоодын зээл, тусламж болон хувийн ААН-үүд өөрийн хөрөнгөөр барьж, 100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох боломж бүрджээ. Түүнчлэн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүйгээр шууд орон сууцандаа орох зохицуулалтыг хийжээ. Ингэснээр иргэдийг орон сууцжуулах, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих боломж бүрдэж байна гэдгийг тэрээр тодотгож байв.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцуулахдаа, өнөөдрийн байдлаар авто замын сүлжээний нягтрал 2.1 км байгаа бол 2030 он гэхэд 3.6 км байхаар төлөвлөснийг хэллээ. Хүн амын нягтралтай уялдуулан авто замын сүлжээний ирэх жилүүдийн төлөвлөгөөг гаргаж, энд Улаанбаатар хотод энэ жил 52 км дугуйн замыг барих ажлыг эхлүүлээд байна гэв.


Холбоотой мэдээ