Аймгийн нийтийн номын санг шинэчлэн засварлаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-15 16:20:50

Төв/МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит 76 жилийн түүхтэй аймгийн нийтийн номын санг шинэчлэн засварлах ажил эхэллээ. 

Төв аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тодруулбал, 2019 оны наймдугаар сард аймгийн Засаг дарга БНСУ-ын Пёнтак хотод зочилж хотын захирагч Жан Чан Сунтай уулзах үеэр аймгийн номын санг шинэчлэн засварлах талаар хэлэлцэн гэрээ байгуулжээ.  

Аймгийн  нийтийн номын сан нь анх 1944 онд байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орсон. Сан хөмрөгтөө 34 мянган номтой, жилд дунджаар 4000 орчим байнгын уншигчид хүрч үйлчилдэг байна.

Ийнхүү  шинэ  номын сантай болсноор нэг ээлжиндээ 160 уншигч, үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 3 уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой аж. 

Аймгийн Нийтийн номын сангийн барилгын ажлыг “Нумт өргөө” ХХК гүйцэтгэх бөгөөд шинэ барилгыг энэ оны 8 дугаар сард ашиглалтад хүлээн авах юм. 

 

Холбоотой мэдээ