Халдвар авсан өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг бууруулдаг эмийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-06-17 10:46:51

ЛОНДОН. /BBC/. Шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн амь насыг аврахад хямд үнэтэй, олдоц сайтай эм болох “дексаметазон” үр дүнтэй болохыг Их британийн судлаачид тогтоожээ.


Өмнө нь гарган авсан эмнүүд шинэ халдварыг эмчлэхэд үр дүн үзүүлэх эсэхийг тогтоох туршилтын үеэр “дексаметазон”-ыг туршжээ. Уг эм хиймэл амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг гуравний нэгээр, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүмүүсийн нас барах эрсдэлийг тавны нэгээр бууруулсан байна.


“Дексаметазон”-ыг Их Британид цар тахал дэгдэж эхлэх үеэс өвчтөнүүдэд уулгасан бол 5000 хүний амь насыг аврах байсан гэж судлаачид мэдээлжээ. Мөн тэдний үзэж буйгаар, олон хүн халдвар авсан ядуу буурай орнуудын хувьд энэхүү нээлт ихээхэн хувь нэмэр оруулж магадгүй ажээ.


“Манай нөөцөд 200 мянган курс эм бий бөгөөд үүнийг Үндэсний эрүүл мэндийн газар эмнэлгүүдэд олгоно” гэж Их Британийн Засгийн газар мэдээлжээ. Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийн “шинжлэх ухааны гайхалтай ололтыг” сайшаагаад, бид хангалттай нөөц байгаа эсэхийг баталгаажуулах алхмуудыг хэрэгжүүлсэн гэж мэдэгджээ.


Английн Эрүүл мэндийн ахлах зөвлөх, профессор Крис Виттигийн хэлснээр, энэхүү эм дэлхий даяар олон хүний амь насыг аврах боломжтой ажээ. Мөн “дексаметазон” хүнд өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй болох нь харагджээ. Уг эмийг артрит, астма болон арьсны зарим өвчний үед үрэвслийг дарахын тулд ашигладаг байна. Түүнчлэн энэ эм нь бие махбод коронавирустэй тэмцэх үед дархлааны тогтолцоо гэмтэхээс сэргийлдэг болох нь ажиглагджээ.



Оксфордын их сургуулийн судлаачдын ахлан явуулсан туршилтын үеэр “дексаметазон” уулгасан 2000 орчим өвчтөний биеийн байдлыг эм уугаагүй 4000 гаруй өвчтөнтэй харьцуулахад, хиймэл амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 40 хувиас 28 хувь хүргэж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг 25 хувиас 20 хувь хүргэж бууруулжээ.  


Профессор Петер Хорбийн хэлснээр, энэхүү эм нь халдвар авсан өвчтөнүүдийн нас баралтын түвшнийг бууруулах үр дүн үзүүлсэн цорын ганц эм ажээ. Мөн ахлах судлаагч, профессор Мартин Ландрэйгийн тайлбарласнаар, “дексаметазон” уулгаснаар хиймэл амьсгалын аппаратанд орсон найман өвчтөн тутмын нэг, хүчилтөрөгчийн дутагдалд орсон 20-25 өвчтөн тутмын нэгийг аврах боломжтой ажээ. Уг эмийн эмчилгээ 10 орчим хоног үргэлжилдэг бөгөөд өдөрт 5 гаруй еврогийн зардал гарах ажээ. Ингэснээр нэг хүний амийг 35 еврогоор аврах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. 


"Энэхүү эм нь дэлхий даяар олдоц сайтай байдаг. Боломжтой тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд хойшлуулахгүйгээр одооноос уулгах хэрэгтэй” гэж М.Ландрей хэлжээ. Гэвч хүмүүс өөрсдөө дур мэдэн худалдан авч ууж болохгүй бөгөөд уг эм хөнгөн шинж тэмдэг илэрсэн, амьсгалахад хүндрэл учраагүй өвчтөнүүдэд үр дүн үзүүлээгүй байна.


Өнгөрсөн гуравдугаар сараас хийж эхэлсэн “Recovery Trial” нэртэй туршилтаар хумхааны эм “гидроксихлорохин”-ыг мөн судалж байсан боловч уг эм өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг нэмэгдүүлэх, зүрхний хэмийг алдагдуулах магадлал өндөр байгаа талаар мэдээлэл гарсантай холбогдуулан туршихаа зогсоожээ.


Харин вирусний эм болох “ремдесивир”-ийн туршилтаар уг эм өвчтөнүүдийн эдгэрэх хугацааг богиносгодог болохыг тогтоосон билээ. 

Холбоотой мэдээ