Бээжингийн бүх иргэнд коронавирусний шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзэж байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-19 13:07:55

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсын нийслэл Бээжин хотын томоохон хэмжээний хүнсний захаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн коронавирусний халдвар илэрч, шинээр халдварласан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Бээжин хотод үүссэн нөхцөл байдал нь анх Ухань хотод коронавирус далайн амьтны захаас үүссэнтэй адил нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Ухань хотод халдварын тархалтыг намжаасны дараа дотоодын гаралтай халдвар дахин бүртгэгдсэнээр тус улсын эрх баригчдын зүгээс хотын бүх ард иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж 10 сая орчим хүнд шинжилгээ хийсэн.

Тэгвэл Бээжин хотод Уханьд авсан арга хэмжээтэй адил хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулах шаардлагатай юу гэдэг асуулт олон нийтийн дунд үүсээд байна.

Энэ талаар Хятадын Өвчнийг хянах төвийн халдварт өвчин судлалын ахлах мэргэжилтэн Ү Зуню төв телевизэд өгсөн ярилцлагадаа “Хотын бүх иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулах шаардлага байхгүй. Гэвч өндөр эрсдэлтэй бүсүүдийн ард иргэдийн дунд томоохон хэмжээний шинжилгээ, шалгалтын ажлыг явуулах зайлшгүй шаардлагатай” гэжээ.

Тэрээр хэлэхдээ “Бээжин хотод саяхнаас эхлэн тархсан халдварыг маш эрт илрүүлсэн. Тиймээс халдварын тархалт өргөн цар хүрээг хамарч чадаагүй. Хотын бусад дүүрэгт халдварын тохиолдол байгаа ч ганц нэгхэн байгаа юм. Үүнээс бид гэр бүлийн хүрээний олон хүнд халдварласан, эмнэлгийн орчинд олон хүнд халдварласан зүйл байхгүй гэдгийг харж болно. Тиймээс бүх ард иргэдийг шинжилгээнд хамруулах шаардлагагүй” гэв.

Өчигдөр буюу 18-ны өдрийн 0-24 цагийн хооронд эх газрын Хятадад шинээр халдвар авсан 32 тохиолдол бүртгэгдсэнээс 28 нь дотоодын гаралтай халдвар байлаа. Эдгээрээс 25 нь Бээжин хотод бүртгэгдэв.

Холбоотой мэдээ