Олон улсын музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-11 09:19:48

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд Монголын Үндэсний музейд олон нийтэд зориулсан лекц зохион байгуулна.

“Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулгыг доктор, профессор Д.Бумаа хийх бол доктор Н.Эрдэнэ-Очир “Ноён уулын дурсгал” сэдэвт лекц тавих юм. Энэхүү лекцтэй холбогдуулан “Хүннү ширмэл ширдэг” эвлүүлдэг тоглоомыг үзэгчдэд танилцуулна. Энэхүү тоглоом нь  үзэгчдэд музейг үзэнгээ хүрч мэдрэх, сэтгэн бодох нөхцлийг бүрдүүлсэн анхны боловсролын ажил бөгөөд тоглоомыг эвлүүлж тоглохдоо домгийн амьтдын дүрсийг нүдлэн тогтоох, тухайн цаг үе орон зайд өөрийн төсөөллөөр аялах бололцоог олгон, ширмэл ширдэгний ур хийцээр дамжуулан хосгүй үнэт үзмэрийн үнэ цэнийг ойлгох, танин мэдэх ач холбогдолтой.

Мөн Олон улсын хүүхдийн утга зохиолын 6 удаагийн шагналт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд Монголын соёлын өвийн дурсгалт газруудаас жишээ болгон хүн чулуун хөшөө, хадны зургийн талаар ярина.

Түүнчлэн 18 үзэгчийг шагай шидүүлж “Дөрвөн бэрх” азтанаар шалгаруулан, азтан тус бүрт “Музей үзэх эрхийн бичиг” гардуулах юм.

Энэ үеэр “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд АХА тэмцээн зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг үзэгчдийн дундаас сонгож,  эхний гурван байрын эзнийг шалгаруулан, музейн бэлэг дурсгалын зүйлээс гардуулах аж. 

Ж.Болор

Холбоотой мэдээ