Тахь нутагшуулах 10 дахь удаагийн тээвэр хойшилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-22 15:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсын нийслэл Прага хотын амьтны хүрээлэнгээс манай улсад энэ онд 4 тахь тээвэрлэн авчрахаар төлөвлөж байсан ч “COVID-19”-ийн цар тахлын улмаас хойшлуулжээ. Дөрвөн тахийг ирэх онд авч ирэх болсон байна.

Энэ нь тус улсаас тахь тээвэрлэсэн 10 дахь тохиолдол болох юм. Нэн ховордож байгаа Пржевальскийн адууг болон бусад ховор амьтны төрлийг хамгаалах талаар ажиллаж буй Чех болон Франц, Монголын экспертүүдийн хамтын ажиллагааны ачаар жил бүр дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн тоо өсөж байна. Монгол Улс руу Европын амьтны хүрээлэнгүүдээс нийт 35 тахь авчирч нутагшуулаад байна.

Прагийн амьтны хүрээлэнгээс тахь нутагшуулахаас гадна мөн Говийн Их Дархан цаазат газрын байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай тээврийн шинэ хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгч байсан. Өнгөрсөн жилийн тахийн тээвэрлэлт эхлэхээс өмнө Прагийн амьтны хүрээлэн “Монголоос илгээх ил захидал” гэсэн санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулсан нь Чехийн иргэдийн анхаарлыг татжээ.

Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээсэн бөгөөд аянаас орсон орлого нь Монгол Улсад нэн ховордоод буйгаа бусад амьтад болох мазаалай, бөхөн болон хавтгай зэргийг хамгаалах санд орох юм. Нэг ёсондоо тахийн 9 дэх удаагийн тээвэрлэлтэд Прагийн амьтны хүрээлэнд зочилж буй нийт зочдын санхүүгийн хувь нэмэр шингэсэн юм. 


Манай улсад өнөөдрийн байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүрэг 276-д хүрч, нэг дахин өсөөд байна. Зүүнгарын говьд 274, Алаг нуурын говьд 2 тахь нутагшиж байна. 

Монгол Улсын Засгийн газар, “Олон улсын тахь групп” нийгэмлэг Чех улсын нийслэл Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй тахийг сэргээн нутагшуулах төслийн хүрээнд өнгөрсөн оны 6 дугаар сард тахийн 3 гүүг Прагийн амьтны хүрээлэнгээс авчирч нутагшуулсан. Энэ онд тус улсаас дахин 4 тахь тээвэрлэн авчрахаар төлөвлөөд байсан ч ийнхүү хойшлуулаад байна. 

Хустайн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны албаны дарга Ц.Дашпүрэвийн хэлж буйгаар цар тахлын улмаас нислэг хойшилсон учир 2021 онд Чех улсаас 4 тахь авчирна. Мөн Хустайн нуруунаас 4 тахийг Хомын тал руу шилжүүлэх аж. 

Ташрамд дурдахад, одоогийн байдлаар Хустайн байгалийн цогцолборт газарт 370, Тахийн талд 270, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талд 80 гаруй тахь идээшиж байна.

Холбоотой мэдээ