Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд саналаа өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороо буюу Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Өнөөдөр Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аа байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Дэлхий нийтэд цар тахал тархаж, хүмүүсийн амьдрал хүнд байгаа ч улс орнууд сонгуулиудаа амжилттай зохион байгуулж байгаа. Монгол Улсын Их Хурал ч хуулийн хүрээнд сонгуулиа цаг хугацаанд нь зохион байгуулж, ард иргэдийнхээ Үндсэн хуулиар олгосон эрхийг эдлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Иргэд идэвхтэй байж, сонгуулийн ирц өмнөх жилүүдийнхээс илүү байгааг хэсгийн хорооныхон хэлж байна. Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы буюу 2000 оноос хойш төрсөн залуус саналаа өгч байна. Монголын ард түмэн шударга нийгэмд амьдрахыг хүсэж байгаа. Энэ бол шударга нийгмээ байгуулах үргэлжлэл гэж харж байна. УИХ-д оролцож буй нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдэд амжилт хүсье. Шударга өрсөлдсөн, төр улсаа эмхэлсэн сонгууль болно гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн тэрбээр иргэдийг саналаа өгөхийг уриалсан юм.
Түүнчлэн, “Сонгууль шударга болох ёстой. Манай ард түмэнд жагсах, цуглах, үймээн самуун хийх бодол байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө 5 залуугийн амь эрсэдсэн гашуун түүх бий” гэлээ.
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороонд санал өгөх 1793 иргэний нэрсийн жагсаалт байгаагаас 11.00 цагийн байдлаар 381 буюу 21.4 хувь нь саналаа өгчээ. Энэ нь дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт гэдгийг тус хэсгийн ахлагч Д.Солонго танилцуулав. Тэрбээр залуусын идэвх харьцангуй сайн байгааг онцоллоо. Өвчтэй, хэвтрийн дэглэм сахиж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 5 иргэний саналыг зөөврийн хайрцгаар авч, өглөө 07.00 цагт санал тоолох төхөөрөмжид уншуулжээ.