Налайх дүүргийн санал авах байрууд тусгаарлах өрөө бэлтгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-24 14:28:26
@s_munkhbaatar

Налайх дүүрэг /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 23 дугаар тойрог, Налайх дүүргийн санал авах 16, 23 дугаар хэсгийн хороо Засгийн газрын 188 дугаар тогтоол буюу COVID-19-өөс урьдчилан сэргийлэх журмыг сахин ажиллаж байна.



16 дугаар хэсгийн хорооны байранд цар тахлаас урьдчилан сэргийлэх санамж, бичгийг байрлуулахын зэрэгцээ иргэд орж ирээд гарах хүртэл 1.5 метрийн зайтай зогсох улаан зурвас тэмдэглэснийг тус хэсгийн ахлагч Т.Эрдэнэчимэг танилцууллаа. Тэрбээр, "Манай хэсэгт Налайх дүүргийн хоёрдугаар хорооны 4500 орчим иргэний 2768 нь санал өгнө. Өчигдөр зөөврийн санал хураах хайрцгаар хэвтэрт байгаа, эмнэлэгт хэвтсэн, түр баривчлагдсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 22 иргэний саналыг авч өглөө 07.00 цагт санал хураах төхөөрөмжид уншуулсан" хэмээв. 


Мөн 23 дугаар хэсгийн хороонд  төрийн 9 албан хаагч ажиллаж байгаа аж. Үүнд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн хоёр, мэдээллийн технологийн нэг, нам, эвсэл, бие даагчдыг төлөөлсөн долоон ажиглагч байгааг тус хэсгийн ахлагч Г.Энхээ танилцуулав. 



Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоол буюу “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ын хүрээнд санал авах байрыг бэлтгэсэн байна. Тодруулбал, иргэдийн халууныг хэмжихээс гадна нэг удаагийн амны хаалт, бээлий өгч, гарыг нь ариутгаж байна. Түүнчлэн санал авах байранд COVID-19-өөс урьдчилсан сэргийлэх зөвлөмж байрлуулснаас гадна тусгаарлах байр бэлтгэжээ. Сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн өрөөнд тусгаарлах арга хэмжээг эмнэлгийн байгууллага хэрэгжүүлэхээр зохион байгуулжээ.


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд тавьж буй шаардлагыг иргэд сайн ойлгож сахин биелүүлж буйг онцоллоо. 


Ташрамд дурдахад, УИХ-ын 21 дүгээр тойргийн хувьд нийт 45451 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 22.2 хувьтай байна.






Холбоотой мэдээ