Газар эзэмшиж, ашиглах журмын төсөл боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7 дугаар нэгж хороолол байхаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн "Хангарди" ордонд өчигдөр болсон хуралдаанаар дээрх хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгон хэлэлцсэн юм.
Төлөвлөлтөнд тусгаснаар 2020 онд тус хороололд нийт 37.700 хүн ам байхаар тооцжээ. Одоогийн байдлаар хүн амын төлөвлөлт нь 68 хувьтай хэрэгжиж байна. Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудын төлөвлөлтөөр сургууль 81.5 хувь, цэцэрлэг 35 хувь эмнэлэг 85 хувийн хэрэгжилттэй байгааг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга мэдээллээ.
Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгон, 6 зорилт тавьжээ. Орон сууцны хангамжийн төлөвлөлтөөр нийт 25.293 өрхийн 91.055 иргэн оршин суух бөгөөд 6 бүсчлэлд хуваагдахаар төлөвлөжээ. .
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нэг хүнд ногдох ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарахыг сануулав. Тэрээр эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглах журмын төслийг боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын газар, Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагад үүрэг болгож зөвлөлийн дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгав.