Ялалтын баярын сүрт жагсаалд Монголын бие бүрэлдэхүүн оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Москва хотын Улаан талбайд өнөөдөр болсон Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад хурандаа Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан 78 монгол офицер жагслаа.
Монгол Улс дайны эхний өдрөөс ЗХУ-ын итгэлт түнш байсныг жагсаалын үеэр хөтлөгч онцлон тэмдэглэв.
Covid-19 цар тахалтай холбоотой хойшлуулсан баярын жагсаалыг 6 дугаар сарын 24-нд зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Энэ дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг баярын жагсаалд оролцохыг урьсан юм.
Парадад оролцох бие бүрэлдэхүүнийг БХЯ, ЗХЖШ-ын 19 ангийн алба хаагчдаас шилэн сонгож энэ сарын 14-нд ОХУ-ын Агаар-сансрын хүчний Ил-76 онгоцоор Москва хотноо хүргэсэн. Тэд маргааш Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирнэ.