“АСЕАН”-ы удирдагчид цахимаар уулзана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-06-26 10:37:38

ХАНОЙ. /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАНгишүүн 10 орны удирдагчид өнөөдөр цахимаар уулзана. Энэхүү дээд хэмжээний уулзалт хоёр сарын өмнө болох байсан боловч коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан юм.


Уулзалтад оролцогчид “АСЕАН”-ы эдийн засагт цар тахлын учруулж буй үр дагаврын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Мөн БНХАУ болон “АСЕАН”-ы хэд хэдэн орны хооронд нутаг дэвсгэрийн маргаан бүхий Өмнөд Хятадын тэнгисийн асуудал хэлэлцээний сэдэвт багтаж магадгүй байгаа ажээ.


Бусад орон коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахад голчлон анхаарч буй энэ үед БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн болон бусад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байгаа юм байна. Дээд хэмжээний уулзалтыг даргалагч Вьетнам улс нь Өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн асуудлаар Бээжинтэй маргаантай орнуудын нэг юм. Вьетнамын хувьд энэхүү уулзалтаар БНХАУ-тай зөвшилцөнө хэмээн найдаж байгаа ажээ.


“АСЕАН”-ы удирдагчид нутаг дэвсгэрийн асуудлаар тохиролцоонд хүрэх эсэх нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Вьетнамын төв нутгийн Да Нанг хотод зохион байгуулахаар товлоод байсан боловч гишүүн орнууд халдварын тархалтыг хяналтад авахын тулд зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг тогтоосны улмаас хойшлуулсан байна. 

Холбоотой мэдээ