Урлагийн их театр барих талбайн газрыг 80 хувь чөлөөлөөд байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-06-27 10:56:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Манай Улаанбаатар хотын гол бодлого бол орон сууцны хөтөлбөрөө богино хугацаанд эрчимтэй явуулахад оршиж байна" гэж Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний урлагийн их театр барих талбайн газрыг чөлөөлж буйтай танилцах үеэр онцоллоо.  

Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 10 га газарт Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөөд байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай энэ талаар хотын Захирагчид танилцуулахдаа, "Төлөвлөснөөр 160 айлын газрыг чөлөөлөхөөс одоогийн байдлаар 82 айл газраа чөлөөлж, 8 айлтай орон сууцаар газрыг нь солихоор тохиролцсон. Газар чөлөөлөхөд нийтдээ 90 айл оролцоод байна. Одоо 20 айл газраа чөлөөлөхөд бэлэн, зөвшилцөх шатанд явж байна. Цаана нь 50 айл үлдсэн. Газар чөлөөлөлт 80 хувьтай байна" гэв. 


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, "Энэ газарт Үндэсний урлагийн театраа барьж байгаа нь цаашдаа үүнийг дагаад гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтэц татах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” гээд барилгын гүйцэтгэгч компани болон хот тохижолтынхонд чөлөөлсөн газартаа цэвэрлэгээ, тохижилтын ажлыг хийхийг үүрэг болголоо. Тэрээр, төр, засгийн бодлого шийдвэрийг хүндэтгэн богино хугацаанд газраа чөлөөлж байгаа иргэд, оршин суугчдад талархаж байгаагаа илэрхийлэв.



Холбоотой мэдээ