Транс тосыг хоолны цэснээс хасахыг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-05-11 17:50:08

Транс тосны хэрэглээг үе шаттай бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй хэмээн өнөөдөр болсон “Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Транс тосыг хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр багагүй ярьж, бичиж байгаа ч энэ талаар нэгдсэн ойлголт бий болгох, өнөөгийн байдлыг тодорхойлох шаардлагатай тул ШУА-ийн Физик, математик, химийн салбарын бага чуулган, Монголын Анагаах ухааны академиас санаачлан тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр транс тос гэж юу болох, түүний импорт, хэрэглээ,  эрүүл мэндийн ач холбогдол, тосны хэрэглээнд тавих хяналтын талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлэв.

МХЕГ-ын Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа “Транс тосны хэрэглээ, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, "Транс тосны хэрэглээнд хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдээгүй, хүнсний бүтээгдэхүүний техникийн ерөнхий шаардлагын стандартад тухайн бүтээгдэхүүний тослогийн  үзүүлэлтийг тодорхой хязгаартай зааж өгсөн ч хүчлийн агууламжийг тусгаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд агуулж буй транс тосны хүчлийн хэмжээг тодорхойлох лаборатори байхгүй, үйлдвэрлэгч хэрэглэгчийн мэдлэг сул, дутмаг зэрэг асуудал тулгарч байна. Цаашид транс тосны хэрэглээг үе шаттай бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, транс тосны хүчлийн агууламжийг тодорхойлох шинжилгээний аргачлал боловсруулж, шинжилгээ хийх лабораторитой болох, импорт, хэрэглээ, хор нөлөөний талаар эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургах, хэрэглээ, хор уршиг, орлуулж хэрэглэж болох бүтээгдэхүүний талаар үйлдвэрлэгчдэд сургалт сурталчилгааг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн дурдав.

Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн: Нийгмийн хөгжлийн явцад хүмүүсийн хүнсний хэрэглээний бүтээгдэхүүн байнга хувьсан өөрчлөгдөж байна. Монголчууд дээр үеэс малын гаралтай царцдаг тосыг хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сүүлийн үед харьцангуй сайн чанарын ургамлын тос хэрэглэх болсон. Монголын бэлчээрийн малын тос хүний биед ямар нөлөөтэй талаар гадны эрдэмтэд японы судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ хийж байна. Гэхдээ тосны чанар, түүнийг хүний бие боловсруулах чадвар болон хөдөлгөөн, биеийн хүчний ажилд хэрхэн нөлөөлж байгааг иж бүрнээр судлах нь онцгой ач холбогдолтой. Тос өөх химийн элементүүдтэй нэгдэн судасны хананд наалдан шохойжилт, хатуурал  үүсгэхэд нөлөөлдөг. Судасны хатуурал өвчнөөс сэргийлэхийн тулд хүнсний хэрэглээнд зөв зохистой бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал. Ард иргэд автомашиныхаа моторыг нь цохиулахгүйн тулд машиндаа сайн тос хийж сольдог шигээ өөрийн эрүүл мэнддээ анхаарч судасны хананд тунадас үүсгэдэггүй,  царцдаггүй, шохойжилт бага үүсгэдэг чанартай тосыг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй” гэв.

ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг: Супер маркетуудад борлуулж буй халаадаг эрдэнэ шиш, нарийн боов, бялуу, 6-аас дээш сар хадгалдаг жигнэмэгүүдэд транс тос их хэмжээтэй агуулдаг. Мөн KFC, MC Donalds, Burger king зэрэг түргэн хоолны газруудад транс тосны хэрэглээ өндөр байдаг. Учир нь тосны хадгалалтын хугацаа урт, бусад технологийн шинж чанартай нь холбоотой. Баруун европын орнуудад тухайн сүлжээ ресторануудад шаардлага тавьдаг ажилладаг бол манайд эрх зүйн орчин бүрдээгүй учраас зохицуулалт байхгүй. Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүний хангамжийн хувьд импортоос хамааралтай учраас транс тос маргариныг улсын хилээр оруулж ирэх, нэвтрүүлэхэд импортын гаалийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого барих шаардлагатай. Мөн транс тосны хэрэглээнд хэрэглэгчийн түвшинд бодит тоон  судалгаа хийх хэрэгтэй.

Хэлэлцүүлэгт ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, НМХГ, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт оролцогчид транс тосны импорт, хэрэглээ, судалгаа,  хяналт зөвлөмжийг бэлтгэн холбогдох газарт хүргэх юм.

ДЭМБ-аас 2003 онд транс тосны агууламж нь нийт илчлэгийн  1 хувиас ихгүй  байх зөвлөмж гаргасан бол 2009 онд хоолны цэснээс бүрэн хасахыг зөвлөжээ. ДЭМБ транс тосны хэрэглээг 2020 он гэхэд бүрэн хориглох зорилт тавиад байгаа аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ