ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний биеийн байдал хүнд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-03 12:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдсэнээс 10 сая 978 мянган хүн өвчилж, уг өвчнөөр 522 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 183 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн нь өмнөх өдрөөс өвчлөл 3000-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тэр дундаа АНУ-д 54 мянга, Бразилд 48 мянга, Энэтхэгт 21 мянган тохиолдол шинээр нэмэгджээ.

АНУ-ын 40 мужид халдвар эрчтэй нэмэгдэж байгаа учраас муж хооронд зорчсон хүмүүсийг тусгаарлах шинэ журам мөрдөж эхэлснийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга хэлтсийн дарга Д.Нарангэрэл ээлжит мэдээллийн үеэр онцолсон юм.

Манай улсад шинээр  541 хүн ажиглалтад орж, 274 гэрийн тусгаарлалтад шилжжээ. Ажиглалтад буй 2712 хүнд 43 их эмч, 55 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

БНСУ-аас хоёр тусгай нислэгээр 420, АНУ-аас 25, Замын-Үүд боомтоор 96 хүн ирснээс  9 хүнийг  ХӨСҮТ-д, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт  тусгаарлаж, бусдыг нь буудалд байрлуулжээ. Цэргийн төв эмнэлэгт 88 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний  биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна.  Эдгээр иргэдэд 14 их эмч, 42 сувилагч, асрагч тусламж үзүүлж байна.

ЗӨСҮТ-ийн баг Улаанбаатар-АНУ, Улаанбаатар-Сөүл, Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн тусгай нислэгээр ирсэн зорчигчдын ачаа тээшийг ариутган халдваргүйтгэжээ. Мөн ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Замын-Үүд боомтод 108 хүний сорьцод шинжилгээ хийжээ.

Төмөр замын эмнэлгийн эмч нар олон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 4 мянган хүнд тандалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 

Холбоотой мэдээ