ХЗДХЯ-ны харьяа байгууллагын 390 алба хаагч орон сууцтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-08 16:21:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын албан хаагчдын 390 айлын орон сууцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авч, оршин суугчид түлхүүрээ гардлаа.


Энэхүү 390 айлын орон сууцны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ''Гүрт цамхаг'' ХХК ажилласан бөгөөд 2020 оны 07 сарын 06-нд Улсын комисс хүлээн авснаар энэ өдөр барилгыг албан ёсоор нээж байна. 



Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, "Манай яамны 108 ажилтнаас бараг 80 гаруй нь энэ байранд орж байгаа. Дээрээс нь харьяа аггентлагуудыг хуваарилж тус бүрт нь хүртээх зарчмаар явж байна. Үндсэндээ миний бие ажилтныхаа ажиллах нөхцөлийг хангах зарчим баримталж ирсэн. 2012 онд 74 ажилтныхаа 40 гаруйд орон сууц өгсөн. Одоо бараг 100 хувь нь орон сууцтай болсон. Цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлж 1000 айлын ''Цагдаа Хотхон'' орон сууц барьж байна. Мөн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд мөн адил тийм хэмжээний орон сууцны барилга эхэлсэн.  Одоо барилгын ажил ид явагдаж байна. Албан хаагч бүрт орон сууц гэсэн хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна" хэмээв. 



Энэхүү орон сууцыг худалдан авахад ойролцоогоор сард 80-120 мянган төгрөг төлөх нөхцөлтэй. Нийт дүнгээр, арилжааны орон сууцнаас 50 хувийн хямдралтай аж. Ипотекийн 8 хувийн зээлд ч хамрагдах нөхцөл байгааг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж онцлов.



Тэрбээр, "Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаад 2 жил 8 сар боллоо. Энэ хугацаанд Мөрдөн байцаах газар болон яамны барилгыг бариулсан. Одоо ДХИС-ын Спорт цогцолбор, номын санг улсын комисс хүлээн авах гэж байна. ДХИС нь Монгол Улсын загвар сургууль болсон. Ер нь сайд, их хурлын гишүүн хүн хууль ном бичихээс гадна хариуцаж байгаа салбарынхаа ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг байх ёстой" хэмээн онцолсон юм.

О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ