Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-09 10:22:29

НҮБ. /RIA Novsoti/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ Турк улстай залгаа хилийн ганцхан шалган нэвтрүүлэх цэгээр Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэх тухай ОХУ-ын санал болгосон тогтоолын төслийг дэмжээгүй гэж АЗ-ийг даргалж буй ХБНГУ-ын байнгын төлөөлөгч Кристоф Хойсген мэдэгджээ.


"АЗ-ийн дөрвөн гишүүн уг тогтоолыг дэмжиж, долоо нь эсрэг санал өгсөн бол дөрөв нь түдгэлзсэн. Шаардлагатай тооны санал аваагүй тул тогтоолыг батлаагүй" гэж тэрбээр хэлсэн байна. Тогтоолыг батлахын тулд 15  гишүүний ес нь дэмжсэн байх ёстой юм.


ОХУ-ын санал болгосон тогтоолыг ОХУ, БНХАУ, Вьетнам, Өмнөд Африк дэмжсэн бол Индонез, Нигер, Сент-Винсент ба Гренадин, Тунис улсууд түдгэлзжээ. Харин Их Британи, АНУ, Франц, Бельги, Герман, Доминикан болон Эстони улс эсэргүүцсэн байна.


Коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор НҮБ-ын төв байранд хязгаарлалт тогтоосон учир санал хураалтыг бичгээр явуулжээ. ОХУ тогтоолдоо Сирийн бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх механизмыг зургаан сараар сунгах, ингэхдээ одоо ажиллаж байгаа хилийн шалган нэвтрүүлэх цэгийг нэг болгож хязгаарлахыг санал болгосон байна.


Сирид тусламж хүргэх механизмын хугацаа долдугаар сарын 11-нд дуусна. Тиймээс хугацааг сунгах талаар буулт хийсэн хувилбарыг боловсруулахад АЗ-д 48 цаг үлдээд байгаа юм.


НҮБ-ын АЗ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя мягмар гарагт мэдэгдэхдээ, Сирид үйл ажиллагаагаа явуулсан зургаан жилийн хугацаанд байдал өөрчлөгдсөн тул Москва хил дамнасан тусламжийн механизмыг аажмаар хумих шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн байна. Одоо тус улсын илүү олон бүс нутгууд Дамаскийн хяналтад байгаа тул Сирийн Засгийн газартай тохиролцсоны дагуу тусламжийг хүргэх боломжтой гэж ОХУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.


Сирид хил дамнасан хүмүүнлэгийн ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг НҮБ-ын АЗ 2014 оны долоодугаар сард баталжээ. Холбогдох тогтоолыг энэ оны нэгдүгээр сард хагас жилээр сунгасан боловч шалгах нэвтрүүлэх цэгүүдийн тоог дөрвөөс хоёр болгон цөөлсөн байна.


Сирид хил дамнасан хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа "Баб эль-Хава", "Баб-эс Салям" гэсэн хоёр боомтын үйл ажиллагааг нэг жилээр сунгахыг санал болгосон Бельги, Германы тогтоолд ОХУ болон БНХАУ мягмар гарагт хориг тавьжээ.


Холбоотой мэдээ