Төрийн албаны тусгай шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-29 15:53:06

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Төрийн албаны тусгай шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд 17 албан тушаалын 27 орон тоон дээр зарлаж байгаа юм байна. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг тус сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг энэ сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл selenge@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авах аж. Шалгаруулалтад оролцогчид:

-Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг,

-Дүн шинжилгээ хийх чадвар,

-Асуудал шийдвэрлэх чадвар,

-Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар,

-Багаар ажиллах чадвар,

-Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин гэсэн агуулгын хүрээнд шалгалт өгөх юм байна. Энэхүү гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, аймгийн Мэргэжлийн хяналтын газруудад зарлажээ.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд дараах 11 орон тоонд зарлаж байна. Тухайлбал байгаль орчны хяналтын улсын байцаагч хоёр, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч, дотоод хяналтын, хүнсний чанар, стандартын хяналтын, цөмийн болон цацрагийн, эм био бэлдмэлийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчгэсэн ажлын байрууд байна. Харин Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт дараах ажлын байрууд дээр албан тушаалтнуудыг ажилд авахаар зарлажээ. Тухайлбал, автотээврийн хяналтын, геологи, уул уурхайн хяналтын, мал эмнэлгийн хяналтын байцаагч нар, хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, усан хангамж, ариутгах татгуургын хяналтын, Мандал сум дахь хүнсний чанар, стандартын хяналтын, эмчилгээний чанарын хяналтын, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын байцаагч нар, байгаль орчны хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гэхчлэн тус тус албан тушаалд сонгон шалгаруулалтыг явуулах ажээ. 

Шалгаруулалтыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т энэ сарын 31-ний өдөр зохион байгуулах юм байна.    

Холбоотой мэдээ