Төв аймгийн Зуунмод хотод байрлах хөшөө дурсгалууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-10 16:02:06

Төв /МОНЦАМЭ/. Төв  аймгийн Зуунмод хотод нутгийн ард түмний хүндэтгэлийг хүлээсэн төр нийгмийн зүтгэлтэн болон нэн ховор амьтдын хөшөө дурсгалууд олонтаа бий.


"Миний нутаг" шүлгийн хөшөө

Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж нь 1933 онд уг шүлгийг зохиосон. 2006 онд түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан зураач Батдоржид санал тавьж, зураг эскезийг гаргуулж, аймгийн Засаг Дарга  Ц.Энхбат дэмжиж ажилласан. Уг хөшөөг "Буян" ХХК хийсэн бөгөөд Эрдэнэ сумаас 35 тн боржин чулууг  авчирч байрлуулж, хөшөөг сийлсэн. Хөшөөний нээлтэд АУЗ Ш.Сүрэнжав, Д.Цоодол зэрэг яруу найрагчид оролцож байсан. 


Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд  буй хөшөө дурсгалууд

Зуунмод сум нь ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалттай 9.8 га талбайтай. Аймаг байгуулагдсаны 60 жилийн ой/1983/-гоор цэцэрлэг, усан оргилуур байгуулжээ.

Цэцэрлэгт хүрээлэнд байдаг  Ботготой хүүхэд,  Шагай тоглож буй хүүхдүүдийн хөшөөг 2000  оны эхээр  бүтээсэн. Мөн  2019 онд  Буга, согоо, янзаганы хөшөөг  "Төв-2030 бизнес эрхлэгчдийн форум"-ын төлөөлөгчдийн санаачилгаар  Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн Д.Зоригтбаатар бүтээснийг цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан. 


 Б.Цог генералын хөшөө

            Хурандаа, генерал Бутачийн Цог нь Монгол Улсын 18 дахь генерал, Монгол Улсын баатар, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Жанжин штабын дарга зэрэг албыг хашиж байсан.

1912 онд Сэргэлэн суманд төрсөн. 10-аад насандаа Манзуширын хийдэд шавилан сууж байсан. 1929 оноос Улсын хоршоо, “Монгол тээх” зэрэг газарт түүхий эдийн эрхлэгч, хоршооны дарга, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1931 онд цэргийн албанд татагдан цэрэг, 1937 оноос курсийн дарга, 1939 оноос Цэргийн яам, Ардын армийн жанжин штаб, Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад 1985 онд насны тэтгэвэрт гарчээ. 2012 оны 7-р сарын 08-ны Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цогийн хөшөөг сүндэрлүүлжээ. 

Д.Бодоогийн хөшөө

Догсомын Бодоо нь Монгол Улсын Ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийг үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв.

Тэрбээр 1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отогт /одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум/ төржээ. Их хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан. Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Д.Бодоо Монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой сэхээтэн хүн байжээ. Түүний дурсгалыг хүндэтгэж уугуул нутаг болох Төв аймгийн Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг 2008 онд  түүний мэндэлсний 120 жилийн ойгоор хөшөөг нь бүтээсэн. 


Д.Самдан баатрын хөшөө

Дуламжавын Самдан /1916-1939/ нь 1939 онд Халхголд мотобуудлагын дивизийн 22 дугаар хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. Түүнийг  1973 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.  Самдан баатрын хөшөөг 1983 онд  барималч  н.Дашзэвэг бүтээсэн.

















Төв Цэнгэлдэхэд байрлах хөшөө дурсгалууд

Төв Цэнгэлдэхийг 1963 онд 3 га талбай бүхий 5000 гаруй хүний суудалтайгаар аймгийн төвд барьж ашиглалтад оруулжээ. 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кангвон мужийн буцалтгүй тусламж 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн барьсан.  

Цэнгэлдэхийн баруун талд “Малчин, тариачин” хөшөөг аймаг байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан  1983 бүтээжээ.  Мөн цэнгэлдэх хүрээлэнд байрлах Ханддорж уяачийн Хонгор халзан морьны хөшөөг бүтээжээ.

















Одонт хөтлийн дурсгалын хөшөө

Сумын төвөөс баруун зүгт, аймгийн төв рүү орох замд Одонт хөтөл дээр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан  2003  онд бүтээсэн. Уг   хөшөөний загвар, эскезийг Л.Ваанчиг гаргаж байсан бөгөөд шинэ дурсгалын хөшөөг барих болсоноор 2019 онд буулгасан. 








Холбоотой мэдээ