Сууц өмчлөгчдийн холбооны төлөөллүүдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-13 14:52:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын удирдлагууд Сууц өмчлөгчдийн холбоо \СӨХ\-ны төлөөллүүдтэй уулзалт хийжээ. Энэ үеэр нийтийн орон сууцны цэвэрлэгээ, үйлчилгээ болон  тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм

Уулзалтын үеэр Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдолтой байгаа тул төрийн бодлогоор дэмжиж, өөрчлөх шаардлагатай байгаа талаар оролцогчид санал нэгдэв. Учир нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн түвшинд орчны эрүүл ахуйг сайжруулах ёстой гэж тэд үзэж байна.  

Түүнчлэн зарим байр, орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээ тааруу,  ахуйн хог хаягдал их байгаатай холбогдуулан  иргэд, оршин суугчдын зүгэээс хоёр асуудалд анхаарах шаардлагатай. Үүнд ахуйн хог хаягдлаа орцонд тавих биш нэгдсэн хогын цэгт хүргэх, Сууц өмчлөгчдийн холбооны хураамжаа тодорхой хугацаанд тухай бүрт нь төлж хэвших гэж уриаллаа. Үүний үр дүнд Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа сайжрах боломжтой аж.

Мөн цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлын төлөвлөгөө гаргаж,  эхний шатны ажлаа эрэмбэлсэн байна.  Тухайлбал,  удаан хугацаанд тодорхой төлбөр хураамж төлөөггүй айл өрхийн нэрсийн жагсаалт гаргах, орчны хог хаягдал ихтэй орон сууцны  талаар  олон нийтэд мэдээллэх  зэрэг нөлөөллийн арга хэлбэрээр хотын соёл, орчны эрүүл ахуйн стандартыг хангах шаардлагатай байна гэж албаныхан үзэж байна.  

 

Холбоотой мэдээ