Э.Амартүвшин: Мөрөөдлөө би ууланд авирахтай зүйрлэвэл 70 хувьд нь гарсан

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-08-20 10:31:52

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын дуурийн гавьяат жүжигчин, дэлхийн дуурын тайзнаа гэрэлтэх залуу “од” Энхбатын Амартүвшинтэй уулзаж ярилцлаа. Түүнийг дуурийн урлагийн эх орон Италийн ард түмэн “Маэстро” буюу дуурийн мастер хэмээн хүндэтгэдэг. “Риголетто” дуурьт  40 нас гарсан, хоолой нь сууж, бүх юм нь жигдэрсэн хүн дуулдаг бичигдээгүй дүрэм байдаг ч тэрбээр 20 гаруйхан насандаа амжилттай дуулсан юм. Оролцож байсан уралдаан, тэмцээн, тоглолт бүртээ өөрийнхөө чадварыг нотолж “Дэлхийн дуучин” гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан түүнийг олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т нэр дэвшүүлээд байгаа юм.


-Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал "Дуурийн од" буюу дуурийн "Оскар”-т таныг нэр дэвшүүлсэн сайхан мэдээ байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Дуурийн дуучны хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил) гэж ангилдаг. Хоолой тус бүрээс гурван хүнийг нэр дэвшүүлдэг. Энэхүү шагналд  ид дуулж яваа дуурийн агуу баритон хоолойтой хоёр дуучинтай хамт нэр дэвшиж байна. Уг нь энэ намар шалгаруулах байсан юм. Цар тахлын улмаас хойшилчихлоо. Буцаад хэвийн байдалд шилжихээр энэ шалгаруулалт явагдана байх.


- Үндэсний их баяр наадмын нээлтэд та Төрийн дууллаа дуулсан. Одоо ямар уран бүтээл хийж байна вэ?

- Би энэ оны хоёрдугаар сард Монголдоо ирлээ. Үндэсний их баяр наадмаар ая дуугаа өргөснөөс хойш өөр ажил төлөвлөөгүй байна. Коронавирусний халдварын улмаас хил хаагдчихсан.  Тиймээс миний хувьд гадаад руу зорчих боломжгүй болж, төлөвлөж байсан тоглолтууд маань цуцлагдчихаад байна. Одоогоор соёл урлагийн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, Монголд ихэнх газар хаалттай байна. Үүнийг ашиглаад наадмаар Сүхбаатар аймгийн Халзан сум болон Асгат сум руу явж ах дүү нартайгаа сайхан наадаж, амраад ирлээ.


-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ аюултай цар тахлын үед нөхцөл байдал хаашаа эргэхийг хэлж мэдэхгүй байна. Уг нь ирэх жил Европын найман оронд тоглолт хийхээр төлөвлөж, гэрээ хийсэн.  Эдгээр тоглолтын товлогдсон хугацаа хараахан болоогүй байгаа тул гэрээний хугацааг сунгасан байгаа. Ер нь гэрээгээ хоёр жилээр хийдэг. Миний ажлын онцлог бол тогтмол нэг газраа удаан байдаггүй. Үргэлж нислэгээс нислэгийн хооронд өөр өөр газруудад очиж тоглолтоо хийх хэрэгтэй байдаг. Нүүдлийн шувуу шиг явахад анх хэцүү л байсан. Одоо ч бараг дасаж байна даа. 


-Та дэлхийн дуурийн урлагийн алдартай театруудад дуулсан. Ер нь хэчнээн театрт дуулаад байна?

-Би эх орноосоо гарч, гадаадын театруудад ажиллаад дөрвөн жил гаруй болж байна. Анх шууд л  дэлхийн дээгүүр зэрэглэлийн театруудад дуулж байсангүй. Гэхдээ дэлхийн стандартад нийцсэн театруудад томоохон дууриуд тавигддаг жишгээр ажиллаж байсан. Хамгийн анх Герман улсын Киль хотын дуурийн театрт Ж.Вердийн сонгодог бүтээл болох  “Риголетто” дуурийг дуулж байлаа. Нэг их удаагүй Европын томоохон театруудад уригдаж дуулдаг болсон. Тэр дундаа Италийн Наполи хотын “Сан Карло”-гийн нэрэмжит их театр, Палермо хотын дээд их театр буюу “Teatro Massimo”-д дуулах болсон. Энд олон ч удаа дуулж байлаа. Одоо бол жилдээ нэг удаа очиж дуулдаг болсон.

Мөн агуу Ж.Вердийн төрсөн нутаг Парма хотын ихэс, дээдсийн театр буюу “Teatro Regio di Parma”-д дуулж байсан.  Энэ театр эртний барилгын архитектурыг хэвээр авч үлдсэн, маш үзэсгэлэнтэй газар байдаг. Мөн Верона хотын алдарт задгай театр болох “Arena di Verona” задгай театрт дуулж байлаа. Энэхүү театр 15 мянган үзэгчийн суудалтай. Ямар ч нэмэлт электрон техник тавьдаггүйгээрээ онцлогтой. Дэлхийн бүх орны ялангуяа зун жуулчид олноор ирж тоглолт үздэг. Би дөрвөн жил дараалан энэ театрт дуулж байна.


Түүнчлэн Австралийн Мельбурн хотын болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Сувдан театр, Шанхай хотын их театрт дуулж байв. Дуулж байсан өөр бусад театруудаасаа дурдвал, Падова хотын дуурийн театр, Новара хотын дуурийн театр, Жэнова хотын “Карло Фэличэ”-ийн нэрэмжит төв театр, Франц улсын нийслэл Парис хотын “Champs-Йlysйes” театр, Испани улсын Валенсиа хотын дуурийн театр, Менорка арлын дуурийн театр, Барселон хотын “Liceu” дуурийн театр, Израил улсын нийслэл Тел Авив хотын их театр болон хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотын Большой театр, Красноярск хотын дуурийн театр зэрэг ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын дуурийн театр, дэлхийн алдартай тайзнаа дуулж байлаа. Ирээдүйд намайг үүнээс олон алдартай театр хүлээж байгаа гэж боддог.  


-Нэг дуурийн тоглолтод оролцоход хэчнээн хугацаа шаардагддаг вэ?

-Би олон театртай гэрээтэй учраас нэг театрт жилдээ нэг л удаа нэг сарын хугацаатай  очиж дуулдаг. Хорь хоногийн турш бэлтгэл сургууль хийж, бэлэн болсны дараа тоглолтоо үзэгчдээ хүргэдэг. Учир нь дуурь бол хөгжим, дуу, шүлэг, жүжиг, бүжиг, хувцаслалт, дүрслэх урлаг, тайз чимэглэл, гэрэл чимэглэл гэх мэт урлагийн олон төрлийг өөртөө нэгтгэсэн нийлмэл урлаг юм. Дуурь нь гоцлол дуучид, цөөхүүл дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим зэргийн хамтын хүчээр "босдог" ба тэдгээрийг удирдаач нэгтгэн тоглуулдаг. Асар их нарийн ажиллагаа шаарддаг урлаг юм. Тайз засал, хувцасны загварын хувьд янз бүр байдаг. Ерөнхий утга санаа болж байгаа үйл явдал бол нэг. Хөгжмийн хувьд нэг. Найруулагч болгоны өөрсдийн санаа байна шүү дээ. Энэ дуурийг орчин үеийн хэлбэрээр тавьж болно. Бар, караокед, орчин үеийн машин тэрэгтэйгээр орчин үеийн амьдрал дээр болж байгаа үйл явдлыг гаргаж болно. Эсвэл яг тэр хуучны стилээр нь тавьж болно. Найруулагч нь хэрхэн найруулахаас шалтгаалдаг.


-Гадаадын олон шилдэг театрт тоглодог хүн Монгол Улсынхаа дуурийн театртай харьцуулж хардаг байх. Монгол Улс дуурийн театртаа ямар шинэчлэл хийх шаардлагатай гэж боддог вэ?

-Ер нь дэлхийн театруудын ажиллах зарчим өөрчлөгдсөн. Барууны театрт тухайн дуурийн дүрд тохирох, дуурийн зах зээлд дээгүүр эрэмбэлэгддэг авьяаслаг дуучин болон удирдаачийг урилгаар авчирч тоглолтод оролцуулдаг. Албан ёсны байнгын уран бүтээлчид нь симфони оркестрын хөгжимчид байдаг бөгөөд доод тал нь 60, дээд тал нь 80 хөгжимчний бүрэлдэхүүнтэй байдаг. Мөн техникийн ажилчид, оёдлын цех зэрэг тоглолт болоход хэрэгцээтэй бүх зүйлийг хангах зорилготой арын албаныхан ажилладаг. Бүх зүйл нь бэлэн, хангалттай байдаг. Харин манай улсын театрт байнгын орон тооны уран бүтээлчид ажилладаг. Дуурийн хэдэн дуугаа байнгын уран бүтээлчид ээлжлэн дуулдаг. Хуучин социалист системийн орон буюу манай улс болон БНХАУ, ОХУ-ын театр ийм системээр ажилладаг байсан. Одоо бол БНХАУ барууны стандарт руу дөхөж байна.


-Риголетто” дуурьт  40 нас гарсан, хоолой нь сууж, бүх юм нь жигдэрсэн хүн дуулдаг бичигдээгүй дүрэм байдаг гэсэн. Гэтэл та энэ дуурьт маш залуудаа дуулсан байдаг. Энэ тухай ярих уу?

-Би энэ дуурийг 25 настай байхдаа дуулж эхэлсэн.  ДБЭТ-т  26 настай байхдаа дуулж байлаа. Тэр үед хүмүүс “Нас залуу хүн ийм том хэмжээний дуурийг дуулж эрсдэлтэй алхам хийж болохгүй. Олон жил дуулахаа бод. Хоолойгоо хайрла” гэж зөвлөж байсан. Харин надад хийж бүтээе гэсэн маш их хүсэл эрмэлзэл байсан учраас түүндээ хөглөгдөж, зориг шулуудсан. Гэхдээ энэ дүрийн болзлыг хангахуйц хоолой, материал заяагаагүй бол энэ бүхэн боломжгүй гэдэг нь тодорхой. Талархалтай нь надад бүх боломж нь байсан. Нас залуу ч гэсэн “Риголетто”-г амжилттай дуулж чадсан.


-“Риголетто” бол хөгжмийн зохиолч Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг, дуурийн дуучдаас өндөр ур чадвар, техник, жүжиглэлт шаарддаг. Тэр бүгдийн хүчээр ордны алиа салбадайн эмгэнэлт хувь заяаг өгүүлэх дуурийн үйл явдал үзэгчдийн сэтгэлийн гүнд хүрдэг байх...?

-Риголетто бол энэ дуурийн гол баатар, ордны алиа салбадай юм. Үйл явдал Мантуе хотод үргэлжилнэ. Мантуе хотын Дука вангийн ордонд өдөр бүр найр цэнгээн, баяр наадам болдог байжээ. Ван бол сайн найзын охин, албат хамжлагын эхнэр байх нь огт хамаагүй. Сайхан хүүхэн байвал өөрийн болгож, өвөртөө оруулдаг. Албат, хамжлагууд хамгийн үзэсгэлэнтэй сайхан охид, бүсгүйчүүдийг түүнд авчирч өгдөг байв.  Тэр хүн юу хийнэ, ямар зан араншин гаргана яг л ижилхэн дуурайж алиалан хүмүүсийг баясгаж явдаг хүн бол Риголетто юм. Үүнийг тэр хүссэндээ хийсэнгүй, ажил нь болохоор л хийдэг байв. Риголеттогийн эхнэр эрт нас барчихсан бөгөөд ганцхан үзэсгэлэн төгөлдөр арван хэдтэй охинтой. Олон хүний үрийг доромжилсон ванг дуурайж хүмүүсийг инээлгэж байгаа нь охид, эмэгтэйчүүдийн ар гэрийнхэнд хүнд тусжээ. Ингээд хараалч том гүн түүнийг “Чиний үр удамд ч бас ийм явдал тохиолдог” гэж хараадаг. Риголетто айж балмагдсандаа охиноо гэрт нь түгжиж, хэнтэй ч уулзуулахгүй байсныг нь вангийн түшмэл мэдээд вандаа айлтгаж амжина. Дука Демонтогийн албат оюутны дүрд тоглож, охины толгойг эргүүлэн өөртөө дурлуулчихна. Үүнийг мэдсэн Риголетто оюутны дүрд тоглож буй албатыг хөнөөхөөр алуурчин хөлслөнө. Харамсалтай нь алуурчны гарт хөөрхий охин өртсөнөөр энэхүү дуурь төгсдөг.


-“Риголетто”-д хамгийн сайн дуулсан гэж үздэг тоглолт тань хаана болсон бэ?  

-Герман улсын Киль хотын дуурийн театрт “Риголетто” дүрийг хамаг шүүсийг нь шахаж, жинхэнэ утгаар дуулсан үе байсан гэж боддог. Түүнээс хойш жил ч хүрэхгүй хугацаанд  “Сан Карло” гэдэг алдартай театрт очиж дуулсан. Дараа нь “Teatro Regio di Parma” буюу Парма хотын ихэс дээдсийн театраас тус дуурьт тоглуулах урилга ирсэн. Парма хотын иргэд Италийн хөгжмийн алдарт зохиолч Жузеппе Фортунато Вердигээр амьсгалдаг. Энэ хүний хөшөө дурсгал, зураг нэг алхаад харахад л байж байдаг. Мөн хотын иргэд дуурийн урлагийн өндөр мэдлэгтэй, дуучинд өндөр шалгуур тавьдаг. Өнөөдөр театрт тоглолт болоход маргааш нь аль нэг захын эсвэл дүүргийн бааранд өчигдрийн дуучны үзүүлбэрийн талаар ярьж суудаг. Манайхан морь, бөхөө ярьж байгаа юм шиг л ярилцдаг. Хотын үзэгчид “Риголлето” дүрийг залуухан ази дуучин хэрхэн бүтээхийг нарийн ажиглаж, сонжиж байсан. Тоглолтын дараа үзэгчид маш их гайхаж, өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Үзэгчид намайг дүрээ ийм сайн судалж, ийм сайн дуулна гэж төсөөлөөгүй биз. Түүнээс хойш “Teatro Regio di Parma”-д жилдээ нэг удаа дуулдаг болсон. Надад энэ хотын иргэд маш их хайртай болсон. 


- Дэлхийн шилдэг гурван тенорын нэг П.Доминго “Би чамайг энэ насан дээрээ Риголлетод дуулж чадах болов уу гэж их айж байлаа. Харин чи маш сайн дуулсанд би баяртай байна. Бас гайхаж байна” хэмээн тэмцээний үеэр хэлсэн гэдэг. Энэ талаар та дурсан ярих уу?

-Пласидо Доминго бол дэлхийн агуу том гурван тенорын нэг, дуурийн урлагийн амьд домог. Тэрбээр одоо 78 нас хүрсэн ч тайзнаасаа буугаагүй дуулж яваа Испани дуучин юм. Тухайн үед “Риголетто”-гийн ариг дуулах хүсэлтийг тэрбээр хүлээж аваагүй. Магадгүй намайг эрсдэл гаргачих вий гэж хайрлаж байсан байх. Тэгээд хамгийн сүүлийн агшинд бодлоо өөрчилж “Риголетто”-д дуулаарай гэж хэлсэн. Ингээд би 2012 онд Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Домингогийн нэрэмжит уралдаанд түрүүлж байлаа.


- Та Ж.Вердийн “Набуко” дуурьт Пласидо Доминготой ээлжлэн дуулсан. Маш гайхамшигтай тоглолт тань байх ?

-Маэстро Пласидо Домингог хоолой бол тенор хоолой. Энэ хүн насаараа өөрийн тенор хоолойгоороо дуулж дэлхий дахинд алдаршсан. Сүүлийн үед нас нь яваад ирэхээр миний хоолой руу буюу баритон хоолой руу шилжээд миний дуулдаг дүрийг дуулж байна. Бид Испанийн Валенсья хотын театрт “Набуко” дуурийн Набуко дүрийг ээлжлэн дуулсан.  Зургаан удаа энэ дуурь тоглогдсоноос гурав гурваар нь хувааж сүүлийн хоёр тоглолтод би дуулж, эхний хоёр тоглолтод энэ хүн дуулсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Миний амьдралд олон тохиохгүй мөч. Тоглолт маань маш сайхан болсон. Үзэгчид маань сэтгэл өндөр байсан.


- Таныг дуурийн урлагийн эх орон Италид дуурийн “Маэстро” хэмээн нэрлэж байна. Энэ үг тэдний хувьд ямар утгыг илэрхийлдэг вэ?

- Хүн бүрт өөрийн гэсэн үзэмж, үнэлэмж байдаг. Дэлхийн топуудын хэмжээнд дуулбал дуурийн талаар мэдлэгтэй ард түмэн Маэстро буюу Мастер гэж хүндэлж байгаа юм. Энэ бол дээд зэргийн хүндлэл үзүүлж байна гэж ойлгож болно. Хамт бэлтгэл сургууль хийж байгаа үед надтай ижил мэргэжлийн зарим уран бүтээлчид намайг Маэстро гэж хүндлэх тохиолдол гардаг. Зүгээр нэг хүнийг ч юмуу, сонирхол татахгүй байгаа нэгнийг хэзээ ч ингэхгүй. Тийм учраас энэ бол асар өндөр үнэлэмж юм.


- Ер нь яагаад дуурийн дуучин болохоор шийдсэн юм бэ?

- Аав ээж хоёр маань намайг эмч болгоно гэдэг байв. Гэхдээ хүнд байгалиас заяасан өгөгдөл гэж байдаг. Би дуу дуулах гэж төрсөн. Өөрөө ч мэдэлгүй дуулмаар санагддаг байлаа. Би хүүхдийн урлагийн тэмцээнд оролцоод амжилт үзүүлэх болсноор  эцэг эх маань намайг дуучин болохыг хүлээн зөвшөөрсөн. Би өөрийнхөө зөнгөөрөө явсаар СУИС-ийн оюутан болсон юм.


-Таны хамгийн том мөрөөдөл бол дэлхийн шилдэг дуурийн дуучин болох гэсэн байсан. Одоо хүсэл мөрөөдлийнхөө замын аль хэсэгт явж байна вэ?

-Би дундаас жаахан дээшээ явж байна. Мөрөөдлөө би уултай зүйрлэвэл 70 хувьд нь хүрсэн. Амжилтад хүрсэн хүний туулсан зам хэзээ ч дардан байдаггүй. Тайзны ард нөр их хөдөлмөр, саад бэрхшээл, сэтгэл зүйн асуудал байдаг. Тэгэхдээ бүр их гай зовлон тохиолдохгүй л дээ. Бусдаас онцгой байхыг хүсэж оргил руу мацаж байгаа бол хөдөлмөрлөх хэрэгтэй, бодох, тэвчих  нийтлэг зүйлийг даван гарах ёстой. Ихэнх хүн мөрөөдлийнхөө уул руу мацаж байгаад яг учраа олох гэж байтал замаасаа буцчихдаг. Миний хувьд хүний нутагт уур амьсгал, хоол унданд дасахгүй удсан. Хүн бүрт тааруулж харьцах шаардлагатай. Дэлхийн топуудын хэмжээнд хүртэл дуу хоолойгоо боловсруулан, хөгжүүлэх хэрэгтэй. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байж л зорилгодоо хүрнэ. Өнөөдөр болохгүй байж болно. Хөдөлмөрлөж байхад нэг л өдөр гарт орчихсон л сууж байдаг юм. Хүн зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөгөө олон жилээр гаргаж, сахилга баттайгаар дагаж мөрдөх хэрэгтэй. Тухайлбал, арван жилийн дараа ямар дуучин болох вэ. Хорин жилийн дараа хоолойгоо хадгалж үлдэж чадах уу. Гучин жилийн дараа ямар амьдрал хүлээж байх вэ. Хэчнээн жил дуулах, хэзээ азнах, хэзээ нэр алдарт хүрэхээ сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Сайхан бүхнийг оюун санаандаа бодож, төсөөлж, даллаж байж л амжилтад хүрнэ. Өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлийг сонго. Түүнийхээ төлөө тууштай тэмц. 


-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Дуучдын муу гэмээр ч юм уу, нэг онцлог байдаг. Их унтдаг, их иддэг. Дуулахаар их эрч хүч зарцуулдаг учраас маш их өлсдөг. Бүтэн шөнө нойргүй явж байгаад бүтэн өдөр унтдаг ч юм уу тийм тохиолдол их байдаг учраас өглөө босоод тийм зүйл хийнэ гэж жагсаасан зүйл байдаггүй. Өдөртөө ямартай ч хоолойгоо дуугаргаж шалгачихна.


-Завсарлачих юмсан гэж бодогдох үе байдаг уу?

- Тэгэлгүй яах вэ. Ачаалал ихтэй учраас маш их ядарна. Заримдаа уурлах зүйл гарна. Хүн юм чинь ядарна, сандарна.


- Танд дуулахаас гадна өөр хийх дуртай зүйл байдаг уу?

- Завгүй ажилладаг учраас өөр зүйл хийе гэсэн сонирхол байхгүй. Аль болох амралтыг л хүсдэг. Хөдөө, гадаа явах ч юм уу. Баруунд байхдаа сүм рүү явдаг байсан. Жинхэнэ урлагийн бүтээлүүд алдартай сүмүүдэд байдаг. Тийм газруудаар их явдаг даа. Хааяа дэлгүүр хэснэ.


-Дуурийн тайзнаас буух цагтаа хөдөө гарч малчин болно гэж та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Үнэхээр тэгэх бодолтой байгаа юу?

-Би өөрт заяасан авьяасаа хөгжүүлж, өөрийнхөө явах ёстой замаараа л явж байгаа хүн. Гэхдээ би монгол ахуйтай ойрхон өссөн болохоор хөдөө нутаг руу сэтгэл минь бэлчдэг нь үнэн. Багадаа зуны амралтаараа өвөө, эмээ рүүгээ очиж, хонь хариулж, морь унана. Их ичимхий байсан учраас ганцаараа хонио хариулж явахдаа шавайгаа ханатал дуулчихна. Онгорхой нүхтэй сав руу тонгойж дуулдаг хүүхэд байлаа.


-Бага насныхаа дурсамжаас хуваалцана уу. Өвөөгийндөө очиж морь их унадаг байсан уу?

-Ер нь би арван жилийн сургуулиа төгсөх хүртлээ аймгийн төвд амьдарсан. Сумын төвийн айлууд үнээгээ саахад хүүхдүүд тугал хариулах үүрэгтэй. Ээж манай дүү бид хоёрт богино өмд өмсүүлж, толгой дээр малгай тавиад “Тугалдаа яв” гээд явуулчихна. Ах, дүү бид гурав дэрсхэн. Манай дүү надаас хоёр насаар дүү, ах маань гурав насаар ах. Бид гурав таван настай байхдаа морь унаж, зургаатайдаа хурдны морь унаж сурсан. Зуны амралт дөхөөд ирэхээр өвөө, эмээ “Хүүхдүүдийн амралт эхлэх нь үү?” гээд асууна.  Амралт эхлэнгүүт маргааш нь өвөө эмээ рүүгээ яваад очно. Жаахан том болоод адуундаа явдаг болсон. Оройдоо морио уяж хоноод, өглөө эрт дөрвөн цагт нар ургаагүй байхад босож морио эмээллэнэ. Адуундаа явах бэлтгэлээ базаасаар таван цагийн алдад мордоод явахад хяруу уначихсан байдагсан. Шувуудын жиргээ, салхины исгэрэх чимээнээс өөр аниргүй тал нутагт морио шогшуулаад явж байх шиг жаргал хаана байх билээ. Үнэхээр үгээр хэлж боломгүй тийм л сайхан даа миний нутгийн өглөө. Хөдөөний ах нарын үнсэн тамхинаас ороож гараа шар болгож дэггүйтнэ. Арай том болоод ирэхээр адуундаа явахдаа мотоцикл унана. Манай нутаг руу тарвага, зурам ихэссэн. Хавх тавьж тарвага агнана. Тийм л сайхан байлаа. Би сүүлийн таван жил нутагтаа очоогүй. Гурван жил зун ирээгүй. Зөвхөн Цагаан сараар л ирдэг байсан.


-Аав ээж тань ямар хүмүүс байдаг вэ?

-Манай аав МУИС-ийн Газар зүйн ангийг төгссөн. Олон жил сургуулийн захирал хийсэн хүн. Манай ээж олон жил дунд сургуульд хими, биологийн багш хийж, олон анги төгсгөсөн хүн байв. Халзан суманд манай аав ээж хоёр амьдралаа холбосон. Сумандаа багшилж байгаад дараа нь аймгийн төвийн хоёрдугаар арван жилийн дунд сургуульд маш олон жил багшилсан. Бид гурвыг оюутан болоход Нийслэлийн 16 дугаар сургуульд хоёр жил багшилсан даа. Манай аавын аав жолооч, нутаг орондоо нэлээн алдартай хөдөлмөрч хүн байсан. Манай ээжийн аав ээж бол удмын малчин хүмүүс. Манай өвөө Монгол Улсын манлай уяач хүн байв. Сая хөдөө очоод ах дүү нартайгаа сайхан наадлаа. Сайхан морь дагаж, үзээд хүүхэд насаа өнгөрүүлсэн хөдөө толгодын дунд олон сайхан дурсамж сэдрээсэн сайхан зун, сайхан амралт боллоо.


-Монгол Улсын Гавьяат багш, дэд профессор Ц.Ерөө багшийн удирдлага дор та СУИС-ийг төгссөн гэсэн. Багшийнхаа талаар ярих зүйл байгаа байх.

-Манай багш “Тугийн марш” гэж алдартай хөгжим бичсэн Монгол Улсын “Маршийн хаан” гэгддэг Навааны Цэрэнпил суут хөгжмийн зохиолчийн охин. Ерөө багш меццо-сопрано хоолойтой. ДБЭТ-ын алдартай гоцлол дуучдын нэг. Монголын ард түмэнд “Баянбулагийнхан” киноны дууг дуулснаараа алдаршсан. Дуурийн ахмад үеийнхэн Ерөө багшийг “Хүний дуу хоолойн онцлогийг таних, суурийг нь тавьж өгөхдөө мэргэжлийн хүн” гэлцдэг дээ.


-Ц.Ерөө багштай анх яаж танилцсан бэ?

 -Анх есдүгээр ангид байхдаа би Сүхбаатар аймгаа төлөөлөн  “Дуулах өв” ардын болон хүүхдийн дуу дуулаачдын уралдаанд орж байлаа. Энэ тэмцээнийг Ц.Ерөө багш, Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин  Г.Хайдав гуай, Ардын жүжигчин Х.Уртнасан гуай, Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Бүтэд гуай нар шүүж байсан. Хэдийгээр би байр эзлээгүй ч гэсэн Ерөө багш над руу ирээд “Чамд дуурийн дуучин болох ирээдүй байна. Миний хүү урлагийн сургуульд орох сонирхол байгаа бол надтай холбоо бариарай” гээд гэрийнхээ утсыг бичиж өгсөн. Тэгж л анх багштайгаа танилцаж байв. Түүнээс хойш нэг жил өнгөрч хавар элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирэхэд мэргэжлээ сонгох хэрэгтэй болов оо.  Тэгээд аав маань Ерөө багш руу холбоо барьснаар би Соёл урлагийн их сургуульд элсэн орж, багшийнхаа шавь болсон. Би мэргэжилдээ маш их хайртай оюутан байлаа. Нуулгүй хэлэхэд дуулах ур чадварын хичээлээс гадуур ерөнхий эрдмийн хичээлийг хааяа пялчихдаг байв /инээв/.  Харин мэргэжлийнхээ хичээлийг нэг ч удаа тасалж байгаагүй. Үүнийг манай Ерөө багш ч батална. Тэгж тууштай, тасралтгүй хичээсэн учраас энэ зэрэгтээ яваа гэж ойлгодог. Багш минийх шиг баритон буюу өтгөн хоолойны суурийг сайн тавьдаг. Оюутан байхдаа би дэлхийн томоохон хэмжээний уран бүтээлийг барьж авч дуулдаг байсан. Зарим хүмүүс үүнийг дуулах нас чинь болоогүй гэж хэлж л байсан. Харин манай багш намайг дэмждэг байсан юм. Багш олон сайхан шавь “хөл дээр нь босгосон” хүн. Тухайлбал, Монгол Улсын Гавьяат жүжигчин У. Батбаатар, Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлооч Ч.Бадрал, Нийтийн дуучин Э.Төрмандах гээд шавь нар нь бий.


-Багшийгаа хувь хүний талаас нь та бас их хүндэтгэдэг байх?

-Багшийг хүүхэд загнаж байгааг би үзээгүй. Дэндүү зөөлөн, намбалаг, зарчимч хүн байдаг. Би ширүүн, дорвун араншинтай хүнтэй таардаггүй. Харин хүнд урам өгч, тухайн хүнд байгаа сул талыг зандрахгүйгээр хөнгөн ойлгуулж чаддаг хүнтэй хамт байхад таатай байдаг. Тэр талаараа багш бид хоёр нийцдэг болов уу гэж боддог. Хоорондоо зөрчилтэй багш, шавь хоёр таардаг л юм. Харин бид хоёр зөрчилдсөн удаагүй.


-Дэлхийн хэмжээний топ болоход юу чухал гэж та залуу дуучдад зөвлөх вэ?

-Юуны түрүүнд, дуулах хүн мөн эсэхээ мэдэх хэрэгтэй. Өөрт тань боломж байгаа бол түүнийхээ төлөө тууштай зүтгэх нь чухал. Харин дэлхийн хэмжээний “топ” дуурийн дуучин болохыг хүсэж байгаа бол дэлхий ертөнцийг судлах хэрэгтэй юм. Тухайлбал, энэ урлагийн гарал үүсэл, дэлхийд тэргүүлэгч дуурийн дуучдын намтар түүх, замналыг нарийн судалж, харьцуулж жиших хэрэгтэй. Нэг ч өдөр сул чөлөөтэй явж болохгүй. Үргэлж бэлтгэлтэй формоо алдахгүй байхад анхаарах хэрэгтэй. Би өдөр бүр гаам уншдаг. Энэ маань бүр зуршил болчихсон. Гэртээ сууж байхдаа, машиндаа явж байхдаа өөрийн мэдэлгүй л гаам уншаад бэлтгэлээ хийчихсэн байдаг. Дуурийн дуучнаас олон ур чадвар шаарддаг. Өдөр хоногоо аргацааж, нэг л төрлийн зүйл хийж, ганц хоёрхон дуу дуулчихаад яваад байж болохгүй. Тэгвэл олон улсын зах зээлд хэзээ ч гарч ирж чадахгүй. Тийм учраас мэргэжлийнхээ хувьд бүх юмыг л үзэж оролдож байж өснө дөө.


-Дуурийн дуучны амьдралын жаргал зовлонг мэдэрч яваа хүний хувьд юуг гол зарчмаа болгодог вэ?

-Даруухан хэлэхэд би одоо нэг их хөгширсөн хүн биш. Гэхдээ өдийг хүртлээ үзэж, харсан туршлага бий. Хүн ер нь хэтэрхий их савсаганаж,  давилуун байвал амьдрал хичээл заах өдөр ирдэг. Цагийн дараа л тэр сөрөг үйлдэл нь чам руу буцаад ирнэ. Нэг удаа хэрвээ алдаа гаргасан бол түүнээсээ  цаашид суралцаад явах хэрэгтэй. Дуугүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чиний өмнөөс ярина гэдэг. Заавал бүх юмаа бусдад хамааруулах гээд, бүх юмаа хүнд гайхуулах гээд байх шаардлага байхгүй. Юу хүсэж байна, юунд дурлаж байна түүнийхээ төлөө өөрөө яв. Тийм учраас би хаана, аль нийгэмд намайг хүлээн зөвшөөрч байна, тэндээ л ажиллана. Өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийгээд явбал үйлс аяндаа бүтнэ гэж залуустаа хэлнэ дээ.


-Энэ удаагийн яриагаа дуурийн мөн чанарын талаарх таны дүгнэлтээр төгсгөмөөр байна...?

-Дуурь бол сонгодог урлаг. Уран тансаг, эрхэмсэг, цэвэрч, зарчимтай, хүмүүжил бүх сайхан зан чанар дуурийн урлагт шингэсэн байдаг. Үзэгчид театрт биеэ зөв авч явахыг хичээдэг. Тоглолтын үеэр юм идэхгүй, чимээ гаргахгүй, театрт орж ирэхдээ хамгийн дэгжин хувцсаа өмсөж орж ирдэг гэх мэт. Дуурийн зохиолыг хүний амьдралд тохиолдож байгаа эрээнтэй бараантай, атаатай, чөтөөтэй, хайртай дурлалтай, хөгжилтэй баясалтай уйтгар гунигтай бүх л зүйлийн сэдвээр бичсэн байдаг. Дуурь бол хүний дотоод ертөнцийг дэлгэн харуулдаг. Агуу том суут хөгжмийн зохиолчдын яруу тансаг аялгууг сонордсон хүнд ямар ч гайхалтай санаа төрж, хийж бүтээх сэдэл төрж болно. Энэ бол асар том оюуны хөрөнгө оруулалт юм. Дуурийн урлагийн талаар би ингэж л хэлнэ дээ. 


Холбоотой мэдээ