Дурсамж хөглөсөн аяны замд /Цуврал-1/

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-22 15:59:16

Дорноговь /МОНЦАМЭ/.Төрж өссөн нутаг гэдэг хүний амьдралын бүхий л цаг үед хамт байж унаж босоход ч эцгийн хайр, эхийн  элбэрэл мэт сүүн цагаан зам мөр татуулан байх.

Тиймээс ч монгол хүн унасан газар, угаасан ус гэж залбиран дээдэлдэг биз ээ. Миний нутаг бол Хангайн нурууны салбар уулс дунд орших Чулуут, Тэрхийн голын сав газар, тэнд тогтсон уул ус, ургамал мод, араатан жигүүртэн бүрдсэн баян хангай юм.

Хувь заяа, ажил амьдралын эрхээр эх орныхоо зүүн өмнөд этгээд Дорнын шаргал говьд аж төрөн суугч би ажил албаны нөхцөл байдлаас шалтгаалж ойрын жилүүдэд очоогүй буурал хангайгаа зорих аянд гэр бүлтэйгээ хамт хувцас хунар, аяны хэрэгсэл, майхан саваа ачаалан гарлаа.

Уудам шаргал говиос урт холын хангай ороход талдаа 1300 гаруй км явдаг тул хоёр хоногийн хугацаа орно. Аяны зам хөл хөгжөөн, адал явдлаар дүүрэн явсаар Дорноос Чойр Улаанбаатар, Төв аймаг, Өвөрхангайн Хархорин-Эрдэнэ зуу хүрээд л нутгийн хаяа залгалаа.

Архангайн төв орох зам буюу урд тамирын голын нэг эргээс нөгөө дээгүүр дамнасан Цэнхэрийн гүүр гараад  Янгиртай хөшөө, хуучин нисэх, ТМС-ийн замаар довтолгож ахуйд яг л өчигдөр болсон юм шиг хар бага насны дурсамж сэтгэлийн хойморт сэргэж танил юмс бүхэн захаас авахуулан тодорлоо.

Хөдөөний хүүхэд аймгийн төвийн арван жилийн нэгдүгээр сургуульд сурахаар ирж байрны хоол буудан, үерхэл хайрын гэгээлэг ертөнцөөр хэсүүчилж, үеийн нөхөдтэйгөө хөгжилдөн шуугиж асан тэртээх 17, 18 нас минь, элсэлтийн шалгалтдаа бүдэрчихээд харуусал гуниг дагуулан гэртээ харьж байсан цаг үе минь яг л энэ хонхорт өнгөрсөн юм.

Аймгийн төвийн хүүхдүүд баруун зүүн дэнж болон хуваагдаж хоорондоо тэмцэлдэн байхад хөдөөний хүүхдүүд хажууд нь даган гүйлдэж, дарвиж явсан билээ. Байрын багшаар ажиллаж байсан Долгорсүрэн гэх ахимаг настай буурал багшийн дүр төрх одоо ч сэтгэлийн мухарт хадаатай.

Байрны найз болох Хоршооллын Чимэд-Очир бид хоёр амралтын өдрөөр жимс самартай хөөцөлдөн Булган уулыг өмнөөс хойш нэвтлэн явж Хоршоололд байх найзынхаа гэр хүртэл гуч, дөчөөд км явган явж байсан санагдана. Ийм нэгэн дурсамжид хөглөгдөж явсаар аймгийн төвд байх ураг төрлийнхнийхөө гэрээр саатаж элдвийг хуучилж суугаад  дуудах нэртэй минь адил БУЛГАН ууландаа сүслэн залбирав.


Төрийн зарлигаар дархлагдсан Булган хайрхан


Булган хайрхан бол Цэцэрлэг хотын хойморт заларч, төрийн зарлигаар дархлагдсан нутгийн түмний заяа буян, ирээдүйн сайн сайхныг үеийн үед дааж яваа Зая гэгээний сүнсүгтэй өвгөн буурал хайрхан юм. Өргөн хойморт нь БУЛГАН хайрхан дүнхийж, өвөр бэлд нь Заяын хүрээ бууриа зассан, өмнөд умардад тунгалаг Тамир мяралзан урсах Цэцэрлэг хотыг Эрдэнэбулган сум гэж нэрлэдэг.

Сумын умард зүгээс БУЛГАН хайрхан бараалж баруун зүгээс өндөр уул нурууд хэдэн давхраараа хүрээлэх тул идэр есийн жаварт Цэцэрлэг хотын орчимд дулаан бичил уур амьсгалтай байх нь ердийн.

Сумыг  хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтөд Эрдэнэбулган сумыг зүүн урагшаа нисэх,ТМС-ийн орчим цаашлаад Цэнхэр сумын чиглэлд хөгжүүлэхээр тусгажээ.Байшин барилга нэмэгдэж, зам талбай сайжирч урьдны юмгүй болсон байна.

Хэдий олон төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээ Архангайд хэрэгжиж байгаа ч өрсөлдөх чадварын үнэлгээгээр бусад аймгаас хойгуур байрт жагсаж байгаа гэж ахан дүүс хэллээ.


Амбан ноёныг сөгдүүлсэн алдарт Цагаан даваа


Аяны замаа цааш үргэлжлүүлж Цагаан даваа өөд өгсөв. Буурал даваа өгсөх  үеийн бодол сонин юм.Энэ даваагаар цаг хугацааны эргэлтэд “Зил 130”, “Газ-53”, “Уаз-469”  аавын цээжийн тэвш дээр сууж өвөл зуны алинд ч хээрийн салхи, тоос шороо залгилан өлчир бага насандаа наашаа цаашаа хэдэн ч удаа ирж буцсанаа санахгүй юм. Урьд, урьд ч гэж дээ.

Энэ зууны эхний он жилүүд хүртэл цагаан даваа жолооч нарын чадал,  авхаалж самбаа шалгадаг сорьдог төдийгүй тэдэнд айдас хүйдэс хуруулдаг өндөр босготой даваа байлаа. Харин эдүгээ засаж янзлаад намхан болгосон байна. Манж Чин гүрний үед амбан ноёны хөсөг, ачаатай тэмээ, морь даваа өөд өгсөхдөө сульдаж сөхөрч байсан түүх буй тул “Амбан ноёныг сөгдүүлсэн алдарт цагаан даваа” гэж нэрлэсэн байдаг.

Цагаан даваа уруудаж хойд Тамирын гол гаталж Их тамир сумын нутгаар дайраад цааш довтолгон Өндөр-Улаан сумын нутаг Донгой бригадын нутгаар давхин Бэлх бригад залгаад л төрсөн тоонот нутгийн бараа Чулуут гол алган дээр байгаа юм шиг тодорлоо.


Чулуут гол


Энд би хүй цөглөж хүний орчлонд дуугаа хадаан мэндэлсэн билээ.Чулуут гол бол хангайн нурууны уулс Эгийн даваанаас эх аван урсаж Идэр, Дэлгэрмөрөнтэй нийлж Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг өндөр хавцал бүхий эрэг, үргэлжилсэн их чулуудтай байгалийн өвөрмөц тогтоц бүхий гол юм. Доошоо  бууж зарим нам дор эрэг хавиар суухуй дор ёстой л чулуугаа элээж урсдаг юм уу гэмээр их дуу чимээ гарган урсана. Дээхнэ үед энд тул загас их байлаа. Одоо ховордсон гэнэ.

Өвдөг шалбалж хөлд орох насандаа хорвоотой танилцсан анхны мөч энэ л Чулуут голын эрэг, том том чулуудын бараа, мяралзан урсах голын дуу чимээ байсан болохоор хөгжим мэт аялгуулах урсгалыг сонсоод суугаад л баймаар байлаа.

Өндөр-Улаан сум бол хуучнаар халхын дөрвөн аймгийн отгон нь болох Сайн ноён хан аймгийн Шиваа ширээт гэгээнтний нутаг. Хүннү гүрний үеийн түүх дурсгал, булш хиргисүүр Гол модны дурсгал хийгээд эртний овог аймгийн түүх соёлын гайхамшигт дурсгал энд бий.

Газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа эхний хоёрт ордог бол үхэр сүргээрээ улсад тэргүүлдэг билээ. Аяны замаа үргэлжлүүлсээр бид Өндөр-Улаан сумын төв хүрч энд аж төрдөг нагац ах Баярсайханыд очиж хоноглов. Бас хүргэн ах Батдоржийнд бууж цайллаа.Ээжийн төрсөн дүү Баяраа ах бол нутагтаа “Онгоц Баяраа” нэрээр танигдсан хурдан шаламгай эр. Дуулж хуурдана, тоглоно наргина. Залуудаа зураг авч угааж байсан элдэвтэй.Харин аавын талын төрөл хүргэн ах Батдорж гарын уртай нэгэн. Бид “Бор” Батаа гэж авгайлна.

Тэднийхээс мордоод Чулуутын гүүр дээр ээжийн авга эгч Цэндсүрэн  буурайгийнд очиж цайлж элдвийг хөөрөлдөн суулаа. Бид “Бүдүүн эгч” гэж авгайлдаг. Чулуут голоос эгц хойшоо яваад бидний дээдсүүдийн үе дамжиж ирсэн нутаг Намширын өвөлжөө дурайна. Замд хамт яваа ээж үе үе дурсамжийн салхи эргүүлнэ. Ээжийн авга ах Самбалхүндэв гэх ёгт яриа хөөрөөтэй, хэлэмгий, арал чацтай өвгөн энд тарвага, гөрөөс агнаж аж төрөн сууж байсан юм.

Бид “Ангиа” гэж авгайлна. Ангиа бол Чулуутын гүүрнээ суугч бүдүүн ажаагийн аав нь. Нэгэн удаа тууврын хүн хээр тавьсан хавхыг нь аваад явахыг дурандаж суугаад харжээ. Очоод “Хүү минь өвгөн ахынхаа хавхыг өгчих” гэтэл нөгөө хүн нуугаад өгсөнгүй гэнэ. Мориндоо мордож эргэн хараад “Хавхаа гавлын чинь ястай хамт авна даа” гэж хэлээд давхиад явчихаж.

Тууврын хүн айж сандран нутгийн түмнээс асуутал “Айхтар үг яриатай хүн шүү хурдхан өгөөрэй” гэж хэлжээ. Дараа нь тууврын хүн лонх юмтай, гарын бэлэгтэй гэрт нь ирээд өвгөнийг аргадаж хавхыг нь өгсөн гэдэг. Дурсамжийн салхи сэвэлзсээр өссөн нутгийн зүг хөдлөв өө. Чулуутын гүүрээр гарч Зуун модны дэргэдүүр өнгөрч Тариатын нутаг руу дөтөлж явахын баримжаанд бас нэгэн түүхийн улбаа нүдэнд тодорлоо.


"Ардын -Элч" киноны зарим кадрыг энд авсан


Бидний өвөө Дэмбэрэлийн Ойдов Өндөр-Улаан сумын Бэлх, Азарга бригадын багийн дарга, сумын Намын хорооны нарийн бичгийн даргын алба хашиж байлаа. Хуучнаар Ихтамир сумын Хан-Өндөрийн бага сургуулийн анхны төгсөгч, онц сурлагатан, уйгаржин монгол бичгээр гаргууд бичдэг байв. Тэр жил 'Ардын-Элч' кино хийхээр хотоос баахан хүмүүс иржээ.


Аймгийн Намын хорооноос өвөөг дуудаж гэр бараа барих, хувцас хунар, агт морь бэлтгэх, хүнс хоол залгуулах даалгавар өгч арын албанд тохоон томилж.


 Түүхэнд үлдсэн "Ардын элч" киноны кадрууд Бэлх багийн нутаг дамжин өнгөрөх Чулуут гол, Өндөр-Улаан, Тариат сумын зааг Халзанбүүрэгтэй гэдэг газар өрнөжээ.

Дарьбазарын унаж явдаг улаанбор морь өвөөгийн найз Лигдэнжав гэдэг хүний морь бол орос цэргийн унаж явдаг хэр морь, уяан дээр байх алаг морь зэрэг нь өвөөгийн адуу байсан аж. Киноны зураг авалт амжилттай болж дуусахад орос цэрэг шар суран хазаараа өвөөд бэлэглээд явсан түүхтэй.


Хангай сум руу



Нутгийн зам

Цагаан нуурын эрэг даган засмал замаар давхисаар тэрхийн гүүрнээс баруун урагш салсан шороон замаар  салж өссөн нутаг Хангай сум руу алгуур дөтөллөө.

Эргэх хорвоогийн тойрог дундах энхэл донхолтой, цастай, жавартай, нартай, сартай сүүн сацал сацруулсан энэ  зам надад хаа нэгтэй нуугдсан хачин гоё дурсамжийг сануулах шиг тосож угтлаа.

Хөсөг төрөг хөллөж, айл нүүлгэж, адуу мал эрж, наадам хэсэж явсан миний нутгийн зам. Энэ замын эд эс бүрт улирч одсон он жилүүдийн дурдатгал хөвөрч байна.

Нар шингэхийн үед өссөн тоонот нутаг Хангай сумын төв хүрч ээжийн бага дүү Баттөмөрийнд дөрөө мулталлаа.

Бойтогныхоо хонхыг жингэнүүлэн хөлд орох алдрай насанд минь манайх Өндөр-Улаанаас Хангай сум руу шилжсэн түүхтэй. Өсөх бага насны минь түшиг тулгуур, өдлөн нисэх насны минь жигүүр болсон миний жижигхэн сум хол ойрдоо заргүй ч хотол түмэндээ буяны заллагатай билээ.

Үргэлжлэл бий

Холбоотой мэдээ