ДЭМБ: Африк халдварт саа өвчнөөс бүрэн ангижирсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-26 10:18:14

ПРЕТОРИЯ. /TASS/. Африк полиомиелит буюу халдварт саа өвчнөөс бүрэн ангижирсан хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мягмар гарагт мэдэгджээ.


"Халдварт саа өвчнийг бүрэн устгасан" хэмээн Конго улсын Эрүүл мэнд, хүн амын сайд Жаклин-Лидия Миколо өмнө нь мэдэгдсэн байна. Тэрбээр ДЭМБ-ын Африкийн асуудлаарх бүс нутгийн хорооны 70 дугаар чуулганыг Конго улсын нийслэл Браззавил хотод даргалан явуулж байгаа юм.


Африкийн бүх оронд халдварт саа өвчнийг үүсгэгч зэрлэг полиовирусний 1 дүгээр хэлбэрийг үндсээр нь устгах шийдвэрийг Африкийн гэрчилгээжүүлэх бүс нутгийн комисс гаргажээ. Комиссын төлөөлөгчид Африкт халдварт саа өвчнийг үүсгэгч байхгүй гэсэн тусгай мэдэгдэл чуулганы үеэр хийж, зохих гэрчилгээг ДЭМБ-д гардуулсан байна. 


Хамгийн сүүлд халдварт саа өвчний тохиолдлууд бүртгэгдсэн Африкийн дөрвөн оронд комиссын гишүүд шалгалт хийжээ. Нигери, Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Өмнөд Судан гэсэн дөрвөн улсад нарийн шалгалт хийх үед зэрлэг полиовирусний нэг ч тохиолдол илрээгүй байна.


Зэрлэг полиовирусний халдварын тохиолдол хамгийн сүүлд Африкт 2016 онд илэрчээ. Үүнээс 20 жилийн өмнө буюу 1996 онд 75 мянган хүүхэд халдварт саа өвчнөөр өвчилсөн байна.  


Одоогоор дэлхийд зөвхөн Пакистан болон Афганистанд халдварт саа өвчний шинэ тохиолдлууд бүртгэгдэж байна. Полиомиелит буюу хүүхдийн тархи-нугасны халдварт саа нь вирусний гаралтай халдварт өвчин бөгөөд голдуу 5 хүртэлх насны хүүхэд энэ өвчнөөр шаналдаг байна. 

Холбоотой мэдээ