Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан “Хөгжлийн төв” барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-27 17:01:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Зорилтот бүлгийн буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд тэдэнд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөгжлийн төв” байгуулахаар болжээ. Уг төвийг байгуулах төслийн багийнхан аймгийн Засаг дарга С.Насанбат болон газрын харилцаа, инженерийн шугам сүлжээний байгууллагын инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд энэ төрлийн зургаан төв барихаар болсон аж. Түүний нэг нь Дархан-Уул аймагт барих бөгөөд 2016 онд тус төвийг барих газар олголтыг хийсэн байна. Энэ удаад техникийн байдлын тухай урьдчилсан уулзалт хийсэн аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг 2021 оноос эхлэн барих бөгөөд насанд хүрэгчид, хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх 2 үндсэн чиг үүргийг гүйцэтгэх ажээ.

Аймаг орон нутгийн зүгээс тус төвийг барих газар төлөвлөлтийг шийдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих, боловсроход ямагт дэмжлэг үзүүлдэг юм.

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Архангай, Хөвсгөл, Дорнод, Дундговь, Ховд аймагт барих аж. Аймгийн төвүүдэд барих хөгжлийн төвийн барилга нь 2 давхар 1557м2  талбайтай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй байх ажээ. 

Холбоотой мэдээ