АНУ-д коронавирусээр дахин халдварласан тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-08-29 15:04:24

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Невада муж улсад 25 настай эрэгтэй “COVID-19”-өөр дахин халдварлажээ. Америкт ийм тохиолдол анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм.


Генетикийн шинжилгээгээр уг өвчтөнийг вирусний хоёр өөр төрлөөр халдварласан болохыг тогтоосон гэж Невада муж улсын Анагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндийн лабораториос мэдээлжээ.


Өвчтөнд өнгөрсөн дөрөвдүгээр сард хоолой өвдөх, ханиах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд удалгүй коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон байна. Түүний биеийн байдал дөрөвдүгээр сарын сүүлээр сайжирч, давтан шинжилгээний хариу нь сөрөг гарчээ.


Түүнээс хойш сар орчмын турш биеийн байдал нь хэвийн байсан боловч тавдугаар сарын 31-нд халуурч, толгой нь өвдөж, ханиалгаж эхэлжээ. Үүнээс таван өдрийн дараа эмнэлэгт хэвтэж, хүчилтөрөгчийн аппаратанд оржээ. Түүнд коронавирусний шинжилгээ хийхэд хариу нь дахин эерэг гарсан байна.


Невада муж улсын судлаачид уг эрэгтэйгээс цуглуулсан сорьцод шинжилгээ хийж, коронавирусний өөр омгоор халдварласныг тогтоожээ. Ийм тохиолдол өмнө нь Хонконгт бүртгэгдсэн бөгөөд Хонконгийн 33 настай оршин суугч мөн л вирусний өөр төрлөөр халдварласан байжээ.   

Холбоотой мэдээ