Шингэрүүлсэн хий нийлүүлдэг байгууллагуудыг шалгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хийв.
Шалгалтад нийт 146 барилга байгууламжийг хамруулснаас гал түймэр гарч болзошгүй 841 зөрчил дутагдлыг илрүүлж, 216 зөрчлийг арилгуулжээ. Зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 105, мэдэгдэл 28, танилцуулга 2-ыг бичиж эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллажээ.
Шалгалтын явцад барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтэц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлаагүй зөрчил цөөнгүй байв.
Мөн MNS 5566:2020 стандартын дагуу гал унтраах багаж хэрэгслийг төлөвлөж байрлуулсан боловч байнгын бэлэн байдлыг хангаагүй, сав хөргөх зориулалттай төлөвлөсөн усан хангамжийн байнгын бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Шингэрүүлсэн шатдаг хий /газ/ хэрэглэгч айл, нийтийн хоолны газрууд хийтэй баллоныг ашиглахдаа халаах хэрэгслээс 1.5 метрээс багагүй зайд байрлуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
Мөн хэрэглэгч шатахуун авахдаа тоолуурын заалтаа сайтар харж үйлчлүүлэгчийн зүгээс хяналт тавьж үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн ШТС-аас шатахууны чанарын үзүүлэлтийг тогтоосон шинжилгээний бичгийг үзэх боломжтой.
Хүйтний улиралд халаалтын зуух даралтат савны ажиллагаа эрчимждэг тул гэрийн болон үйлдвэрийн зуух, даралтат савны ажиллагаанд техникийн магадлал хийлгэж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.