Элчин сайд Л.Баттулга Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Д.Кыдыралитэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-08 17:37:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Д.Кыдыралитэй уулзав.

Уулзалтын үеэр Академийн Ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүнгийн талаар болон тус байгууллагын дэргэдэх Монгол судлалын төвөөс хэвлүүлсэн шинэ ном бүтээлүүдийг танилцуулав. Алтан орд улсын 750 жилийн ойн хуралд монголч эрдэмтдийн тавьсан илтгэлүүд болон Рашид Ад-Диний «Шаштирын чуулган» (Судрын чуулган) номын нийт гурван ботийг Олон улсын Түрэг академи, Монголын Үндэсний музейтэй хамтарч хэвлэсэн нь түүхийн тулгуур эх сурвалж, баримтыг баяжуулахад томоохон хувь нэмэр оруулж буйг Элчин сайд Л.Баттулга онцлон тэмдэглэв. Уг номыг англи хэлээс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, профессор Г.Аким орчуулан, тайлбар зүүлт хийсэн.


Академийн ерөнхийлөгч Д.Кыдырали Тоньюкукийн гэрэлт хөшөөний 1300 жилийн ой, Их Монгол Улсын нийслэл Хархорин хотыг байгуулсны 800 жил, Алтан орд улсын 750 жил, суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч Абайн Кунанбайн 175 жилийн ойн баярын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдэд хамтран ажиллаж байгаа Монгол Улсын эрдэмтэн судлаач  нарт  талархал илэрхийлэв.


Талууд, ойрын ирээдүйн хамтын ажиллагааны тухай, ирэх жил тэмдэглэх Бүгд Найрамдах Казахстан Улсын Тусгаар тогтнолын 30 жил, Монгол Улсын Ардын хувьсгалын 100 жил, Хүннү гүрний 2230 жилийн ойг хамтарч тэмдэглэх талаар санал солилцов.

Холбоотой мэдээ