Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтийн орон сууцуудыг дулаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-11 14:06:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 2020 онд сургууль цэцэрлэгийн шинээр эхлэн баригдах 10 барилга, засвар шинэчлэлт хийгдэх таван сумын барилгын ажлаас дөрөв нь бүрэн дууссан гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.

Тухайлбал энэ жил засвар үйлчилгээ хийгдэх Дөрвөлжин, Тосонцэнгэлийн 1-р сургууль, Улиастайн 3-р сургууль, Тэс, Отгон сумуудын сургууль, цэцэрлэгийн барилгууд байна. Харин он дамнан баригдаж байгаа дөрвөн барилгаас Улиастайн 2-р сургууль, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр, Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн байрны барилгууд дуусаагүй байна. Гэсэн хэдий ч 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажлууд хугацаандаа дууссан байгаа. Зарим барилгын ажлууд хэвийн явагдаж байгаа гэв. Харин өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Улиастай сумын  нийтийн орон сууцны байруудыг  дулаалж өнгө үзэмжийг нь сэргээх ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Улиастай сумын нийтийн орон сууцны 20 барилгыг дулаалж өнгийг сэргээн засварлах ажил хийгдэж байгаа юм. Тус ажлыг Орон нутгийн хөгжлийн сангаас 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян Балбар ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 60 хувьтай байна. Мөн айл өрхүүд, орц, хөрш, байраараа нийлж өөрсдийн санаачилгаар нийтийн сууцныхаа гадна фасадын дулаалгын ажлыг хийж байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 

 

Холбоотой мэдээ