БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ил захидал илгээжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-14 15:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын соёл урлагийн зүтгэлтэн, зохиолч, хэл бичгийн эрдэмтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ил захидал илгээжээ.

 

Худам бичгээр бичсэн уг захидалд, Хятад улсад Өөртөө засан тохиногч Өвөр Монголын зарим хот, суурины сургуульд монгол хүүхдийн хамаг хичээлийг монгол хэлээр заахыг болиулсан тухай сураг гарч байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлсэн байна.


Ил захидалд, "Монгол Улсын уран зохиол, хэл-бичгийн өчүүхэн хэдэн хүмүүн бид бээр Хятад улс аваас эртний соёлт нэгэн гүрэн мөн хэмээн ихэд хүндлэхийн сацуу Хятадын засаг төр ард түмнийхээ олон угсаатны соёл иргэншлийг ариглан хамгаалж, тэтгэн тэнхрүүлж ахуйн дотор монгол хэл, бичгийг ч мөн чингэж эрхэмлэдэг буйзаа хэмээн талархан санаж  байдаг" хэмээн тэмдэглээд "Олон угсаатан үндэстэн оршин сууж, өвөр өврийн соёл иргэншлээр Хятад Улсын нийт соёлыг бүтээн баяжуулж байдаг. Тиймд Өмнөд Монголын монгол хүүхэд эх хэлээрээ эрдэм ном сурах язгуур эрхээ алдаж хохирох, Хятад улсын нийт соёлын сан хөмрөг, чинагшлаад хүмүүн төрөлхтний хэл-бичгийн соёл иргэншилд хохирол учруулж болзошгүйг мэргэн ухаандаа магадлан болгооно уу” хэмээн өгүүлжээ.


Захидалд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын урлаг, соёлын академийн байнгын гишүүн Г.Аким, Монгол Улсын Ардын уран зохиолч Т.Галсан, Хэл бичгийн ухааны доктор Л.Жумдаан, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, Монгол Улсын Соёлын  гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Пүрэвдорж нарын зэрэг урлаг, соёлын зүтгэлтнүүд гарын үсгээ зурсан байна.



Холбоотой мэдээ