Хорио цээрийн протоколыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-09-14 19:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас экспортлох хөх тариа, улаанбуудайн гурилын холбогдох ургамлын хорио цээрийн шаардлагын талаарх протоколыг Монгол Улс, БНХАУ-ын салбар хоорондын дэд сайд нарын хамтын механизм бүрдүүлэх хурлаар хэлэлцлээ. 

Хоёр улсын хооронд, тодруулбал, манай улсын ХХАХХҮЯ, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хооронд “Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг 2009 оны 4 дүгээр сарын 17-нд байгуулсан юм. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр талын салбар хоорондын дэд сайд нарын хамтын ажиллагааны механизмыг байгуулан, хоёр орны ХАА-н бүтээгдэхүүний худалдааны бодлогыг тодорхойлон 2 жил тутамд хуралддаг болсон. Энэхүү механизмын ээлжит V хуралдаан өнгөрсөн баасан гарагт буюу 9 дүгээр сарын 11-нд онлайн хэлбэрээр болсон юм.


Хуралдааныг Монгол Улсын ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын буюу одоогийн Гаалийн ерөнхий газрын дэд сайд Жан Жи Вэнь нар хамтран даргалж БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал, Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, МХЕГ-ын албаны төлөөлөгчид оролцлоо.

Хурлаар дээр дурдсан Монгол Улсаас экспортлох хөх тариа, улаан буудайн гурилын холбогдох ургамлын хорио цээрийн шаардлагын тухай протоколыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн Сайд Ван И-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр байгуулж, гурилын экспортын эрх зүйн орчныг бий болгохоор тохиров.

Мөн адууны дайвар түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортын нөхцөл шаардлагыг энэ онд багтаан тохирох, зөгийн балны хянан магадалгааны ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр шийдвэрлэв.


2016 онд Монгол Улсын баруун бүсийн зарим аймагт гарсан бог малын мялзан өвчний дэгдэлтээс шалтгаалан салаа туурайтай малын махны экспортод түр хориг тавиад байгаа юм. Мал эмнэлгийн ерөнхий газраас шүлхий, мялзангийн хяналтын тайланг хоёр талд хүргүүлсэн бөгөөд түүнд үндэслэн баруун бүсийн экспортын түр хоригийг цуцлах эрсдэлийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр болсон талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.


Холбоотой мэдээ