Хятадын сөнөөгч онгоцууд Америкийн нисэх онгоцны дэргэдүүр маш ойрхон нисч өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-19 11:14:16

ВАШИНГТОН. /ВВС/. БНХАУ-ын хоёр сөнөөгч онгоц Өмнөд Хятадын тэнгис орчимд эргүүл хийж байсан Америкийн цэргийн нисэх онгоцны хажуугаар маш ойрхон нисч өнгөрсөн нь “аюултай” үйлдэл байсан гэж Пентагон мэдэгдэв.

Энэ хэрэг явдал энэ сарын 17-нд АНУ-ын тэнгисийн цэргийн тагнуулын нисэх онгоц өдөр тутмын эргүүлээ хийж байх үед олон улсын агаарын орон зайд болсон гэж мэдэгдэлд дурджээ.

БНХАУ болон АНУ хооронд цэргийн үйл ажиллагаатай холбоотой маргаан дэгдэж байгаагийн улмаас Өмнөд Хятадын тэнгисийн байдал хурцадмал хэвээр байгаа билээ.

Америкийн нисгэгч Хятадын онгоцтой мөргөлдөх эрсдэлээс сэргийлэн нислэгийн өндрөө 60 метрээр хасахаас өөр аргагүйд хүрсэн гэж Америкийн цэргийн нэгэн албан тушаалтан ярьсныг “АР” агентлаг дамжуулсан байна.

Харин АНУ-ын Батлан хамгаалах яам "энэ хэрэг явдалтай холбоотой асуудлыг цэрэг болон дипломатын шугамаар зохицуулна" гэж мэдэгджээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд аюулгүй байдлыг ханган, мэргэжлийн түвшинд нислэг үйлдэх байдлаар Хятадын талын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч буйг бид ажиглан харж байна гэж яам мэдэгдэлдээ дурдсан байна.

Д.Нямтулга

 

 

 

.

 

Холбоотой мэдээ