"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-09-15 19:36:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхний хэрэцээг өнөөдөр хангах явдал юм. 

Тодруулбал, өнөөдөр олдож буй боломжийг алдахгүйгээр маргаашийн буюу ирээдүйн хэрэгцээг хангах үйл явц гэдгийг "Новотел" зочид буудал өнөөдөр болсон "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн нээлт дээр дахин тодотголоо. 

Тогтвортой хөгжлийн агуулга, үзэл санааг Монгол Улсын боловсролын системээр дамжуулан нийгэм, эдийн засагт Тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төслийг Швейцарийн Хөгжлийн агентлаг манай улсад 2014 оноос эхлэн хэрэгжүүлэн өндөрлөж өнөөдөр 2 дахь шатны төслөө нээлээ. 


"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслөөр юу хүлээлэгдэж байгаа талаар Швейцарийн Хөгжлийн агентлагийн шинээр томилогдсон дарга, хатагтай Стефани Бурригаас тодруулахад, "Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилт хэвээр үргэлжилж байна. 2 дахь шатны төслөөр тогтвортой хөгжлийн боловсролыг илүү интеграцчилах үйл ажиллагааг улам сайжруулах бэхжүүлэхэд чиглэж буй"-г онцолсон юм. 

Тэрээр, нийгэмд мөнгө чухал биш. Мөнгөнөөс илүү нийтийн оролцоо, хамтын хүчээр бид нийгмээ тогтвортой, сайхан болгож чадна гэдгийг төслийг нээж хэлэхдээ тэмдэглэж байв. 


Тэгвэл төслийн эхний шатанд Монгол Улс Тогтвортой хөгжлийн боловсролын Үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан Засгийн газраар батлуулсан нэг үр дүнг БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд тэмдэглэж байв. 


2 дахь шатны төсөл нь 2.6 сая швейцарь франкийн санхүүжилтээр 2020-2022 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд БОАЖЯ, БШУЯ, Боловсролын Хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран эхлүүлж байна. Тодруулбал, Боловсролын хүрээлэн үндэсний түвшинд, харин Байгаль орчны мэдээлэл сургалты төв ТББ хөдөө, орон нутагт, Архангай, Булган, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Ховд гэсэн зорилтот аймгуудад хэрэгжүүлэх аж. 


Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн Засаг дарга нар, Баянгол дүүргийн удирдлага, Сангийн яам, МУБИС, МХЕГ, төслийг хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллагуудын удирдлагын төлөөлөл оролцлоо.



Холбоотой мэдээ