Түүхий эдийн экспорт найдвар төрүүлж байна

Монголын мэдээ | Тойм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-09-18 15:37:17
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Covid-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2020 оны эхний хагаст -9,7 хувиар хумигдсан нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд ажиглагдсан хамгийн том бууралт болсон билээ. Гэвч уналтын үед хэрэгжүүлсэн макро зохистой бодлого, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор оны сүүлийн хагаст эдийн засаг аажмаар сэргэх төлөвтэй байгааг Төв банк, Азийн хөгжлийн банк /АХБ/-ны мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, АХБ-наас мягмар гарагт /15.09.2020/ танилцуулсан Монгол Улсын эдийн засгийн шинэчилсэн төлөвөөр эдийн засгийн бууралт оны эцэст -2.6 хувь болж, улмаар 2021 онд 5.1 хувийн өсөлттэй байх төсөөлөл гарчээ. Эхний хагаст -9.7 хувь байсан эдийн засгийн сааралт хоёрдугаар хагаст -2.6 хувь болж сэргэхэд эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ, үнийн өсөлт эерэг нөлөө үзүүлэх аж.

Уул уурхайн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23 хувь, экспортын орлогын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг. Улсын эдийн засаг, цаашлаад иргэдийн аж амьдрал эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас шууд хамааралтайг дээрх хоёр тоо илтгэнэ.

Экспортын бүтэц ийм тул манай эдийн засагт гадаад орчны нөлөө эмзэг тусдаг. Тэгвэл 2020 оны сүүлийн хагаст голлох түүхий эд болох алт, зэсийн дэлхийн зах зээл дээрх үнэ өсөж, нүүрс, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ нэмэгдсэнээр эдийн засаг аажимдаа сэргэх өөдрөг төсөөллийг бататгаж байна. 


Нүүрсний экспорт тэлж байна


Энэ оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 38 нүүрсний уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 36.6 сая тоннд хүрсэнээр манай улс 3 тэрбум ам.долларын орлого олсон. Харин энэ оны эхний 8 сарын байдлаар 19,7 сая тонн нүүрс олборлосноос 17,5 сая тонныг нь борлуулаад байна. Үүнээс 11,5 сая тонныг экспортолж, 5,6 сая тонныг дотоодын хэрэгцээнд нийлүүлж, 1.1 тэрбум ам.долларын орлого олжээ. Олборлолтын хэмжээ 2019 оны эхний 8 сарынхтай харьцуулбал 40 хувиар, борлуулалт 35 хувиар, экспорт 45 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.


Манай улс цар тахлаас хүн ардаа хамгаалахын тулд хилийн боомтуудаа хааж, гадаад орчноос тусгаарлагдсан. Тиймдээ ч цар тахлыг дотооддоо алдалгүй 9 дэх сартайгаа золгож байгааг онцлох нь зүйтэй. Хилийн хязгаарлалтын хүрээнд зарим түүхий эдийн экспортыг ч хэсэг хугацаанд бүрэн зогсоосны дотор нүүрс багтсан юм. Экспорт тасалдсантай зэрэгцэн нүүрсний үнэ унасан нь эдийн засагт том цохилт болсон. Өнгөрсөн онд 1 тонн нүүрсийг 92 ам.доллароор борлуулж байсан бол энэ онд үнэ 72 ам.доллар болж бууран энэ түвшинд тогтворжиж байна. Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд нийт нүүрсний 95 хувийг импортлогч БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж эхэлснээр тасалдсан экспорт сэргэж, эдгээр өдрүүдэд хилээр гарч буй тээврийн хэрэгслийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрч байна. Нүүрсний экспортын гол суваг болох Гашуунсухайт боомтоор 1 дүгээр сард өдөрт 500-600 машин нүүрс гарч байсан бол 3 дугаар сард энэ тоо 300 болж буурсан. Харин 6 дугаар сараас өдөрт 1200-2000 машин нүүрс экспортод гарч байгаа нь түүхэнд бичигдэх үйл явдал болж байна. Хэдийгээр Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн боловч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр энэ зорилтод хүрч чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. УУХҮ-ийн сайд Г.Ёндон оны эцэст нүүрсний экспортыг 25 сая тоннд хүргэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүний тулд үлдсэн хугацаанд өдөрт дунджаар 2000 машин нүүрс экспортлох шаардлагатай болж байгаа юм.


Ташрамд сонирхуулахад, 2019 оны байдлаар Монгол орны хэмжээнд 12 нүүрсний сав газар, 3 нүүрстэй талбайн батлагдсан геологийн нөөц 32.6 тэрбум тонноор хэмжигдэж байна. Харин геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нүүрсний нөөц 150 тэрбум тоннд хүрэх боломжтой гэдгийг ШУ-ны доктор Д.Бат-Эрдэнэ хэллээ.



Зэсийн баяжмалаас төвлөрүүлэх орлого хүлээлтээс давж магадгүй


Монгол орны хэмжээнд хайгуулаар тогтоосон зэсийн нөөц 36.3 сая тонноор хэмжигддэг. Энэхүү нөөцийн дийлэнх нь Эрдэнэтийн овоо орд, Хармагтайн орд, Оюу Толгойн бүлэг ордод хадгалагдаж буй бөгөөд сүүлийнх нь нөөц болон уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд бичигддэг билээ. Монгол Улсын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 хувийг Оюу Толгой, Эрдэнэт гэх хоёр том зэсийн ордын экспорт бүрдүүлдэг. Оны эхний 8 сард 905 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар буурсан үзүүлэлт юм.


Нүүрсийг бодвол зэсийн экспорт цар тахлын үед хэвийн үргэлжилж байсан ч түүхий эдийн үнэ хүчтэй савласан. Олон улсын зах зээл дээр үүссэн тодорхой бус байдлын улмаас зэсийн үнэ 3 дугаар сард 6300-аас 4700 ам. доллар хүртэл буурсан ч эргээд 40 гаруй хувиар өсөж, 9 дүгээр сарын байдлаар 6700 ам.долларт хүрлээ. Манай улс 2019 онд 1,4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, үүнээс 1,8 тэрбум ам.долларын орлого олсон байдаг. Эрдэнэт үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа, Оюу Толгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаа тул энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал борлуулахаар төлөвлөж, зэсийн үнийг тонн тутамдаа 5900 ам.доллар байхаар 2020 оны төсөвт тусгасан. Үнийн өсөлт үргэлжлэх аваас төлөвлөсөн орлого нэмэгдэх нь тодорхой.


Цар тахал алтны мөн чанарыг таниулав


Коронавирусний нөлөөгөөр эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, үнэ цэнээ алдахгүй хөрөнгө оруулалтын эрэлтээр алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэв. Оны эхэнд дэлхийн зах зээл дээр унц алт 1500 ам.доллар байсан бол 9 сарын хугацаанд 1950 ам.долларт хүрч өслөө. Үүнтэй зэрэгцэн манай улсын алтны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 2.7 дахин, мөнгөн дүнгээр 3.3 дахин өсжээ. Энэхүү өсөлтөд Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ огцом нэмэгдсэн нь нөлөөлөв. Эхний 8 сард өмнөх оны үлдэгдэлтэй нийлүүлэн 19.9 тонн алт экспортолж 1.15 тэрбум ам.долларын орлого олсон байна.


Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлосон алтыг зөвхөн Монголбанкинд тушаах хуультай. Цар тахлын үеэр улсын хил хаагдсан нь олборлогчдыг алтаа хуулийн дагуу Монголбанкинд тушаахад хүргэв үү гэх хардлага байгаа нь нууц биш. Оны эхний 8 сард Монголбанк 13.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс бараг 5 тонноор өссөн үзүүлэлт болов. Энэ онд 19 тонн алт экспортлохоор төлөвлөж, унц алтны үнийг 1545 ам.доллар байна гэж тамаагласан нь төсөөллөөс давлаа. Түүнчлэн оны сүүлийн саруудад эрс нэмэгддэг алт тушаалт энэ жил ч мөн давтагдана гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.



Төмрийн хүдрийн үнэ экспортод эерэгээр нөлөөлөв


Эхний 8 сард хартугалганы баяжмал, молибдены баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, баяжмалын экспорт өмнөх оныхоос 0.6-14.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэр дундаа экспортын нэгэн чухал бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн үнийн өсөлт экспортын мөнгөн дүнд эерэгээр нөлөөллөө. Бразилаас нийлүүлдэг төмрийн хүдрийн хэмжээ багассанаар үнэ нь сүүлийн 6 жилийн дээд түвшинд хүрч, 1 тонн нь 100 ам.доллароос давлаа. Манай улс оны эхний 8 сард 5.6 сая тонн төмрийн хүдэр экспортолж 402 сая ам.долларын орлого олсон. Өнгөрсөн онд 8.4 сая тонн төмрийн хүдрийг 576.6 сая ам.доллароор экспортолсон бол энэ оны дүнгээр экспортын хэмжээг 8.2 сая тоннд хүргэхээр зорьж байна.


Голлох түүхий эдийн экспортын тоон үзүүлэлтүүдийг харвал нүүрснээс бусдынх нь эерэг дүр зурагтай байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ ба экспортын хэмжээ өсөлтөө хадгалбал дам нөлөө нь эдийн засгийн бусад салбаруудад ч мэдрэгдэх нь тодорхой.  


Холбоотой мэдээ